ЗАВХАН: “Яргуй-2026” наадамд 1800 гаруй хүүхэд өв соёлоо сурталчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026” наадам болж, 1800 гаруй хүүхэд
22 төрлөөр өрсөлдөн өв соёлоо сурталчилж байна.
Энэ жилийн “Яргуй” наадмын онцлог нь уламжлалт урлагийн 20 төрөл дээр сур харваа, шагайн харваа зэрэг үндэсний спортын төрлийг нэмснээрээ онцлог болж байна.
Өнгөрсөн жил уг наадамд 1400 гаруй хүүхэд, залуус оролцож
байсан бол энэ удаа аймгийн 38 ерөнхий боловсролын сургууль, дугуйлан,
сургалтын төвийн 1800 гаруй хүүхэд оролцож байна.
Наадмын зорилго нь соёлын өвөөсөө суралцаж, түүнийгээ ур
чадвар болгон хөгжүүлсэн хүүхэд багачуудыг олон нийтэд таниулах, мөн хүүхэд,
залуучуудын уламжлалт урлаг, соёл, спортын төрлөөр хичээллэх сонирхлыг дэмжих,
урамшуулах юм. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж буй нь монголын уламжлалт
соёлын өвийг өвлөн суралцах хүүхэд, залуучуудын тоо өсөж байгааг харуулж байна.
Түүнчлэн уг наадам нь олон хүүхдэд уламжлалт соёлоосоо
суралцах сэдэл өгч, урам зориг өгдөг ач холбогдолтой.
Энэ жилийн “Яргуй-2026” наадам дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд 28-нд өндөрлөж, шилдгүүдээ тодруулан шагнана гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв.

Шагайн харваа

Язгуур урлаг