ЗАВХАН: Хачгаар дамжих халдварын голомтын судалгааг дөрвөн суманд хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн дөрвөн суманд хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын
хайгуул, судалгааг хийсэн талаар Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь жил бүр төлөвлөгөөт судалгааг сумдад зохион байгуулдаг бөгөөд энэ удаад дөрвөн сумын 16 цэгт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгаа хийжээ.
Судалгааны
хүрээнд нийт 551 хачиг цуглуулж, төрөл зүйл, хүйс, хөгжлийн үе шатыг
тодорхойлсон байна. Үүнээс dermacentor nuttalli, haemaphysalis
pospelovaschromae зүйлийн 551 хачгийг молекул биологийн шинжилгээнд
хамруулахаар лабораторид хүргүүлжээ.
Судалгааны үеэр шувууд болон гэрийн тэжээвэр нохойн ажиглалт, тооллого хийж, нутгийн иргэдээс асуумж авчээ. Мөн хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, санамж болон зурагт хуудас тараасан байна. Түүнчлэн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт хийжээ.
Жил бүрийн 4-6 дугаар сарын хооронд хачгаар дамжих халдварын идэвхтэй үе тохиодог. Энэ онд аймгийн урд, хойд болон зүүн бүсийн сумдад хачигт халдварын 15 тохиолдол бүртгэгдсэн байна. Хачигт хазуулсны улмаас хүндэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн иргэд аймгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Түүнчлэн Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Сонгино, Түдэвтэй зэрэг суманд хачигт халдварын голомт идэвхтэй хэвээр байна. Иймд иргэдэд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тогтмол хүргэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас онцоллоо. Хачгаар дамжих халдвар нь хоруу чанар өндөртэй өвчинд тооцогддог байна.
Зоонозын өвчин судлалын төв нь хүн, амьтанд нийтлэг тохиолддог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, оношлох, хариу арга хэмжээ авах чиг үүрэг бүхий байгууллага юм. Тус төв нь галзуу, тарваган тахал, боом, бруцеллёз зэрэг зоонозын өвчинийг эрт илрүүлэх, тархалтыг хянах, голомтыг устгах, олон нийтэд эрүүл мэндийн мэдлэг, зөвлөгөө мэдээлэл хүргэх ажлыг хэрэгжүүлдэг.
