ӨВӨРХАНГАЙ: Цахим орчны залилангаас хамгаалах мэдээллийн аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-04-27 13:47:11

Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучуудад мөнгөө зөв зарцуулах, хуримтлал үүсгэх, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх мэдлэг, чадвар олгох зорилго бүхий “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяныг “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор зохион байгууллаа.


Энэ удаагийн аяныг аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Өвөрхангай аймаг дахь Монгол банкны салбар, Насан туршийн суралцахуйн төв, аймгийн ИТХ-ын ГХУСАЗСЗ хамтран  цахим залилангийн эсрэг олон нийтийн нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлснээрээ онцлог байв.

Тодруулбал, “Цахимд нягтал-залиланд бүү хуурт” сэдвээр 16 хоног зарласан богино хэмжээний дүрс бичлэгийн уралдааны дүнг гаргаж, шилдэг оролцогчдод өнөөдөр шагнал гардууллаа.


Насанд хүрэгчдийн ангилалд Арвайхээр сумын “Баялаг нийлэмж клуб” тэргүүн байр, Хужирт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэд байрт шалгарсан бол хүүхдүүдийн ангилалд Төгрөг сум, Бат-Өлзий сумын “Өсвөрийн энтрепренер” багууд эхний хоёр байрыг эзэллээ. Оролцогчид цахим орчинд хуурамч хаяг ашиглан үйлдэгдэж буй луйвар, залилангаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг бүтээлч хэлбэрээр боловсруулан олон нийтэд хүргэсэн байна.


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 2012 оноос эхлэн улс даяар зохион байгуулж ирсэн уламжлалтай. Монгол улс 2013 оноос эхлэн тус аянд нэгдэж, ирээдүйд санхүүгийн зөв дадалтай, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд анхаарч байна. 

相关新闻