ӨВӨРХАНГАЙ: Паалуу, Их дөрөлж, Хэцүүгийн хадны түүхийн дурсгалууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс баруун хойш 20 орчим км газарт Паалуугийн хад, Их дөрөлж, Хэцүүгийн хад хэмээх түүхийн дурсгалт газрууд байдаг.
Их дөрөлжийн хадны дурсгалт газар нь эртний галт уулын үлдэгдэл бүхий хавтгай оройтой, баруунаас зүүн тийш ойролцоогоор нэг км сунаж тогтсон чулуурхаг хадан тогтоцтой уул юм. Энд хадны зургийн дурсгал бүхий тогтцуудын хооронд хиргисүүр болон дөрвөлжин булшны олон дурсгал байдаг.
Паалуугийн дурсгал нь Их дөрөлжөөс зүүн тийш 3-4 км орчимд байдаг бөгөөд газрын хагарлын улмаас үүссэн томоохон жалгыг даган сунаж тогтсон хадан эрэг юм. Хадны хавтгай энгэр хэсгүүдэд хадны зургийн дурсгалууд бий.

Хэцүү тээгийн хадны зургийн дурсгал нь дээрх хоёр дурсгалаас өмнө зүгт байрладаг бөгөөд газрын хагарлын улмаас хэд хэдэн хэсэгт хуваагдсан галт уулын чулуулга бүхий хадан тогтоц юм. Мөн уулын энгэр, бэл, хөтөл хэсгүүдэд хиргисүүр болон дөрвөлжин булшны олон дурсгал байдаг.
Эдгээр дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг-бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн байна.
