Ф.Мерц: Украин улс дайны байдалтай байгаа үед Европын Холбоонд элсэх боломжгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-28 10:56:27

БЕРЛИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /Reuters/. Украины тал ОХУ-тай байгуулах энхийн хэлэлцээрийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг Оросын талд өгөх шаардлагатай болж магадгүй гэж Германы Канцлер Фридрих Мерц даваа гарагт мэдэгджээ. Ийм буулт хийх нь тус улсын Европын Холбоонд (ЕХ) элсэх хэтийн төлөвтэй холбоотой байж болохыг тэрбээр дурдсан байна.


“Хэзээ нэгэн цагт Украин ОХУ-тай гал зогсоох хэлэлцээрт, цаашлаад энхийн гэрээнд гарын үсэг зурна. Тэр үед Украины газар нутгийн зарим хэсэг тус улсын бүрэлдэхүүнээс гарч магадгүй юм” гэж Ф.Мерц Умард Райн-Вестфаль мужийн Марсберг хотын Каролус-Магнус-Гимназийн сурагчидтай уулзах үеэрээ хэлжээ. 


Ф.Мерц үргэлжлүүлэн хэлэхдээ "Хэрэв Ерөнхийлөгч В.Зеленский үүнийг ард иргэддээ тайлбарлаж, олонхын дэмжлэгийг авахыг хүсэж байгаа бол тэрбээр энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, ингэхдээ иргэддээ "Би та бүхэнд Европт нэгдэх замыг нээж өглөө" хэмээн давхар хэлэх ёстой" гэжээ. 


Украиныг ЕХ-нд элсүүлэх үйл явцад Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбан саад болж байсан боловч энэ сарын эхээр болсон сонгуульд тэрбээр ялагдсан нь одоогоор ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай байгаа Украины хувьд дараагийн шатанд шилжих найдварыг төрүүлээд байгаа юм.


Гэсэн хэдий ч Ф.Мерц удахгүй элсэнэ гэсэн хэт их хүлээлт үүсгэхээс болгоомжилж, Украин улс дайны байдалтай байгаа үедээ тус холбоонд нэгдэх боломжгүй бөгөөд хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх зэрэг хатуу шалгууруудыг эхлээд хангах ёстой гэж мэдэгджээ.


“В.Зеленский 2027 оны нэгдүгээр сарын 1 гэхэд ЕХ-нд элсэх саналтай байгаа боловч энэ нь боломжгүй. Тэр ч байтугай 2028 оны нэгдүгээр сарын 1 гэхэд элсэнэ гэдэг ч мөн боломжгүй” гэж тэрбээр хэлсэн байна.


Тэрбээр Украиныг ЕХ-ны байгууллагуудад ажиглагчийн статустай болгох зэрэг завсрын алхмуудыг санал болгожээ. Энэхүү саналыг өнгөрсөн долоо хоногт Кипр улсад болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр олонх нь дэмжсэн байна. Уг дээд хэмжээний уулзалтад В.Зеленский мөн оролцжээ.


Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ноос Украинд 90 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэсэн нь тус улсын 2027 он хүртэлх хэрэгцээг үндсэнд нь хангаж байгаа боловч гишүүнчлэлийн асуудлаар тус холбоо санал зөрөлдөөнтэй хэвээр байна.

相关新闻