Хүннүгийн үеийн түүхийг бататгасан олдворуудыг олонд танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Жаргалант сумын “Айргийн гозгор” газраас олдсон археологийн дурсгалын үзэсгэлэн “Эрдэнэт Арт” галерейд нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд Хүннү гүрний хожуу үе, Сяньби улсын түүхийн эхэн үеийн 60 гаруй үзмэр тавигдсан юм. Айргийн гозгор орчмоос олдсон зарим олдвор овор хэмжээ их болон сэргээн засварлах шаардлагатай үзмэрүүдийг энэ удаад тавиагүй гэнэ.
Одоогоос гурван жилийн өмнө Монголын Үндэсний музей, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар хамтран Жаргалант сумын Айргийн гозгорт малтлага хийж эхэлсэн. Тухайн хэсэгт нийтдээ 97 булш бий. Малтлага эхэлснээс хойших хугацаанд 10 булшийг гаргаж ирснээр энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаа талаар Аймгийн Музейн эрхлэгч Ц.Энхтуяа ярьлаа.
Олдворуудаас 15 төрлийн 20 үзмэрийг Орхон аймгийн музейд шилжүүлээд байгаа аж. Эдгээр олдвор нь 1924 онд Хараагийн Ноён уулаас олдсон Хүннүгийн үеийн булшнаас хойших хамгийн том олдворт тооцогдож байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ