“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнд хувийн хэвшлийн байгууллагууд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЗДТГ-аас энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинэ жилийн “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг төв талбайдаа хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах уриалга гаргалаа.
Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид төв талбайдаа цуглан цэнгүүнээ дуу хуур, бүжиг наадам, баяр хөөрөөр дүүрэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Иргэдэд зориулсан томоохон баярын нэг болох энэхүү шинэ жилийн цэнгүүнд нийслэлийн олон мянган иргэд оролцдог бөгөөд цэнгүүний тайз засал, чимэглэл, урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, талбайн чимэглэл, цэнгүүний шууд дамжуулалт, сурталчилгаа зэрэг ажлын зохион байгуулалтын эрхийг хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад бүрэн өгхөөр төлөвлөжээ.
Харин НЗДТГ-ын зүгээс талбайн зөвшөөрөл, автомашины зөвшөөрөл, замын хөдөлгөөний болон хэв журам, түргэн тусламж, галын аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны асуудал зэргийг бүрэн хариуцах юм байна.
Хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү онцгой боломжийг ашиглан Сүхбаатарын талбайд урлагийн тоглолт, шууд дамжуулалт болон сурталчилгаа, талбайн болон тайзны засал чимэглэл зэргээр дамжуулан өөрийн байгууллагын танилцуулга сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах онцгой боломж нээгдэж байгаа тул хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.
Ж.Болор