Малын гоц халдварт өвчний үед авах арга хэмжээг өндөржүүлэх шаардлагатай гэж үзэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн ХХААГ, ОБГ-аас санаачлан Төв аймгийн 27 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон мал эмнэлгийн үржлийн албаны дарга нарын 150 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр малын гоц халдварт өвчинтэй тэмцэх мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн талаар иргэд, олон нийтэд сурталчлах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөх талаар голлон хэлэлцсэн юм.
Төв аймгийн ОБГ-аас дараах зөвлөлгөөнүүдийг орон нутгийн удирдлагуудад өгч байлаа. Тодруулбал малын арчилгаа, тэжээллэгийн нөхцөлийг сайжруулах, байнгын хариулгатай болгож, ариутгалын цэгээр дамжин өнгөрөх хүн, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгах; өвчилсөн мал, амьтны хашаа, саравч, байр, тоног хэрэгслийг ариутгал халдваргүйтгэлийн бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлэх болон мал, амьтныг ялгаж тусгаарлах, ариутгал, халдваргүйтгэлийн суурин болон зөөврийн цэг байгуулах шаардлагатай гэв.
Түүнчлэн вакцинд хамрагдах мал, амьтны тоог бодитой гаргах, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх вакциныг гоц халдварт өвчин гарснаас хойш 5 хоногт багтаан голомтын бүсэд хүргүүлэх болон нэг малын эмч өдөрт 800-1000 толгой бог мал эсхүл 150-180 толгой бод мал урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар тооцож төлөвлөх бөгөөд урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих, өвчний улмаас хорогдсон мал, амьтны сэгс зэмийг халдваргүйтгэл хийж устгах талаар онцгой анхаарууллаа.
Мөн вакцин хийлгэсэн мал дахин өвчилж байгаа нь тарилгын тун багадсан эсвэл хугацаа хэтэрсэн гэж үзэж болох ч анхааралгүй таригдалгүй хоцорсон байж болзошгүй тул хяналтаа сайжруулахыг ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж хэллээ.
Т.Есүхэйтөмөр