190 гаруй ажлыг ирэх 4 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Засаг дарга 2020 он хүртэл хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрөө ИТХ- аар батлууллаа.
Тэрээр үйл ажиллагааны хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Дундговь аймгийн 2012- 2031 он хүртэлх хөгжлийн бодлого, мөн иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн саналд үндэслэсэн гэдгийг онцлон хэлсэн юм. Ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, жижиг дунд үйлдвэр хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийнхаа нөөц боломжид тулгуурласан хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн албаны чадамжийг дээшлүүлж, хүнд суртлыг арилгахад чиглэсэн тодорхой зорилтуудыг үйл ажиллагааны хөтөлбөртөө дэвшүүлсэн гэлээ.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь засаглал, эдийн засаг, нийгмийн бодлого, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, байгаль орчин, аялал жуулчлал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гэсэн 6 үндсэн бүлэгт 198 ажлыг төлөвлөсөн байна.
Шинэ ажлын байр бий болгосон шинэ үйлдвэрийг сум бүрт бий болгох нь ирэх 4 жилийн гол зорилт болж байна.Тухайлбал, Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэр дэхь Цагаан- Овоогийн нүүрсийг боловсруулж хий, давирхай, хагас кокс үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, тус уурхайн сайтар боловсрогдоогүй нүүрсийг ашиглан малын тэжээл үйлдвэрлэн түүнийг Дундговийн брэнд бүтээгдэхүүн болгохоор тусгажээ.
Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь хөдөө аж ахуйн дараа орох эдийн засгийн түлхэц болох салбар гэж үзэж байна. Энэ салбарт хийх гол ажил нь Орон нутгийн хөгжлийн сангийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг шингээж байгуулсан Сүм хөх бүрдийн цогцолборын үйл ажиллагааг тогтмолжуулж жуулчдыг татах бааз болгоно. Мөн Тэмээний баяр, Айрагны баяр, Ардын урлагийн наадмыг жил бүр тогтсон газар, тодорхой цаг хугацаанд зохион байгуулдаг болж, үүнийг аялал жуулчлалын маршрутад оруулна гэжээ.
Хөрөнгө мөнгө урьдынхаас хязгаарлагдмал байгаа ч Мандалговийн цэнгэлдэх хүрээлэнг дуусгаж ашиглалтад оруулах, дулааны станц ашиглалтад орохтой холбогдуулан аймгийн төвийн дулааны гадна, дотор шугам сүлжээг шинэчлэх, аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих, 480 айлын орон сууц барих, барилгын нь ажил царцаад 5 жил гаруй болж байгаа аймгийн театрын барилгыг дуусгаж, зарим суманд шинэ соёлын төв барих, “Гэрэлтэй Мандалговь”, “Ногоон Мандалговь”, “Шинэ гудамж” төсөл хэрэгжүүлэх зэрэг хөрөнгөр оруулалт бүтээн байгуулалтын 30 гаруй ажлыг төлөвлөсөн байна.
Т. Отгонтуяа