Ирэх онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүсийн төв баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-03 23:00:20

Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр. Энэ өдрийг Дундговь аймагт аж төрж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгэн таатай мэдээтэй угтсан нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Мандалговь хотод барих тухай асуудал байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн амын нэг бүлэг болгон тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг энэ оны эхээр батлан мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүсийн хөгжлийн төвийг байгуулахаар болсны нэг нь Дундговь аймаг юм.

Энэ төвийн шавийг Мандалговь хотод тавьсан бөгөөд 3 тэрбум  төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт ирэх онд багтан ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ашиглалтад орсноор эрүүл мэндийн оношлогоо хийх, хөдөлгөөн, хэл ярианы засал, дохионы хэлний сургалт зэрэг олон талт үйлчилгээ үзүүлнэ. Мөн ХБИ-д зориулсан дэд бүтцийг хүртээмжтэй болгож хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах ажээ.

“Энэ бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ирэх оны томоохон хөрөнгө оруулалт болно” гэж аймгийн Засаг дарга өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үеэр хэллээ. Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, төрийн болон ТББ, аж ахуйн нэгжтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй аймаг” болох хөдөлгөөн өрнүүлэн, тэдний дуу хоолойг сонсох чуулга уулзалтыг жил тутам зохион байгуулж байхаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэн зохион байгуулсан өнөөдрийн уулзалтын үеэр хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд зориулсан иргэддээ Засаг дарга шагнал гардуулсан юм. Тодруулбал, иргэн Т.Эрдэнэсүх, Д.Баяржаргал, Я.Мөнхнаст нар Дундговь аймгийн Хүндэт тэмдэгийг,  Ц.Оюунчимэг, Н.Ганхуяг, Б.Чулуунцэцэг нар аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгийг гардан авав.

Т. Отгонтуяа         

 

相关新闻