Улаанбурханы эсрэг дархлал тогтоцын судалгаа Дундговь аймагт дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-04 18:20:33

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааг өнгөрсөн сард улс орон даяар эхлүүлсэн. 4 мянга хүнийг хамруулсан түүвэр судалгаанд Дундговь аймгийн 240 гаруй иргэн хамрагдлаа.

1990- 1998 оны шилжилтийн үед улаанбурханы дархлаажуулалтын хамралт Монгол Улсад хангалтгүй байсан нь ДЭМБ- ын хэд хэдэн судалгааны дүнд илэрсэн байна.Дархлаажуулалтын хамралт хангалтгүй байсан нь улаанбурханы дэгдэлт Монгол Улсад дахин үүсэх нэг нөхцөл болсон бөгөөд сүүлийн жилүүдэд дархлаажуулалтыг эрчимтэй хийсэн. Харин хүн амд дархлал хэрхэн тогтсоныг нягтлах зайлшгүй шаардлагын үүднээс ДЭМБ 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү судалгааг Монгол Улсын хүн амын дунд явуулсан нь энэ ажээ. Улс үндэстний дархлал тогтоц 95 буюу түүнээс дээш хувьтай байж энэ халдварт өвчний дэгдэлт дахин үүсэхгүй байх нөхцөл бүрддэг байна.

Дундговь аймгийн хувьд дархлал тогтоцын судалгаанд Эрдэнэдалай сумын Сангийн далай, Дэлгэрхангайн Толь, Говь- Угтаалын Морьт, Дэрэн сумын Саруул, Хулдын Уул, Сайнцагаан сумын Мандал баг хамрагдахаар түүвэрлэн сонгогдсон. Аймгийн статистикийн хэлтэс, сумын эрүүл мэндийн төвийн хамтарсан судалгааны баг гарч, арав гаруй хоног ажилласан бөгөөд дээрх багийн 6 сартайгаас эхлэн 35 хүртэлх насны 242 иргэнээс сорьц авчээ.

Сорьцыг хадгалж, тээвэрлэх зааврыг баримтлан ХӨСҮТ-д хүргүүлсэнийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Т. Отгонтуяа         

相关新闻