Өндөршилийн хүүхдүүд ахмадууддаа туслахаар хандивын тоглолт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Өндөршил сумын дунд сургуулийн 9 А бүлгийн хүүхдүүд “Нинжин сэтгэл” хэмээн нэрлэсэн хандивын тоглолт санаачлан сумынхаа Соёлын төвд өчигдөр орой тоглосон байна. Хүүхдүүд тоглолтынхоо орлогоор ганц бие ахмад настнуудад туслах зорилготой ажээ.
Тус сумын харъяат М.Наранбаатар, М.Дашдондог нар харж хандах хүнгүй, ганц биеэр аж төрдөг. М.Дашдондог нь шатаж байгаа гэрийнхээ галыг унтраах гэж байгаад хальтирч унаснаас хөлөө бэртээж хэвтэрт байгаа бол М.Наранбаатар охиноо асрах төвд өгч, өөрөө Улаанбаатар хотод өвчтэй, асрах хүнгүй ядарч зүдэрч яваа нэгэн ажээ. Тэдэнд бага ч гэсэн нэмэр тус болохыг хүсч хүүхдүүд ийнхүү хандивын тоглолт хийсэн байна.
9 А бүлгийг Б.Хундмаа багш удирддаг. Тус бүлэг 18 сурагчтай. Сурагч Д.Өлзийдэлгэр, Х.Тэргэл нарын улс, аймгийн хэмжээнд зохион байгуулдаг урлагийн уралдаан наадмын шагналтнууд 9 А бүлэгт суралцдаг бөгөөд тэднийхээ уран бүтээл дээр түшиглэн “Нинжин сэтгэл” тоглолтоо бүтээсэн гэж ангийн дарга М.Буянхишиг хэллээ. “Уг нь шинэ жилийн баярт зориулан Соёлын төвдөө тоглолт хийнэ гэж бэлдэж эхэлсэн боловч манай ангийн нэг охин тоглолтоороо орлого олж, ахмадууддаа тусалъя гэдэг санаачлага гаргасан юм. Биднийг сумын байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд, эцэг эхчүүд маань дэмжиж, хүний төлөөх сайн үйлс бүтээж байна хэмээн урмаар мялааж байсанд бид баяртай байгаа” гэв.
Тоглолтоороо хүүхдүүд хагас сая төгрөгийн орлого олсон байна. Түүнийгээ энэ хоёр ахмад настандаа сэтгэлийн хандив болгон өгөх ажээ.
Т. Отгонтуяа