Б.Чадраабалын бүтээл дэлхийн гэрэл зурагчдын цомогт нийтлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАзербайжаны "Aзертaк" агентлагаас эрхлэн гаргасан дэлхийн 80 орны агентлагуудын сор бүтээлийг багтаасан цомогт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын гэрэл зургууд нийтлэгджээ.
Азербайжаны нийслэл Баку хотод өнгөрсөн сарын 16-18-ний өдөр Дэлхийн мэдээллийн агентлагуудын V их хурал болсон. Уг хуралд 80 улсын 90 орчим Мэдээллийн агентлагийн төлөөлөгч оролцож, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцсэн юм. Тодруулбал энэхүү их хурал нь гурван жилд нэг удаа болдог хэвлэл мэдээллийн салбарын томоохон арга хэмжээний нэг юм. Энэ жилийн их хурал “Мэдээллийн агентлагуудад тулгарч буй шинэ сорилтууд” сэдвийн хүрээнд болж өнгөрсөн билээ.
Энэ үеэр хурлын зохион байгуулагч Азербайжаны "Aзертaк" агентлагаас дэлхийн нэр хүндтэй мэдээллийн агентлагуудаас ирүүлсэн чансаа өндөртэй гэрэл зургаар нийт 400 гаруй хуудастай цомог гаргасан байна. Тус цомогт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын монгол ахуй, ёс заншил, үндэсний их баяр наадмын сурын харваа, Даншиг наадам болон 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын эхний өдрийн хуралдаан, АСЕМ-ын уулзалтыг харуулсан 8 гэрэл зураг нийтлэгджээ. Өөрөөр хэлбэл, түүний бүтээлүүд Ройтерс, Синхуа, Киодо ньюс, Ёнхап зэрэг агентлагуудын гэрэл зурагчдын бүтээлтэй хамт нэг цомогт багтав.
Мөн хурлын үеэр OАНА буюу Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын 16 дугаар Ерөнхий ассамблей болж өнгөрсөн. OАНА нь 1961 онд онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан, бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1981 онд тус байгууллагад гишүүнээр элсч, улмаар үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Ингэснээр МОНЦАМЭ агентлаг нь Монголын тухай мэдээ мэдээллийг дэлхийн 40 шахам улс оронд өдөр тутам хүргэдэг.
Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын 16 дугаар Ерөнхий ассамблейд агентлагийн удирдлагууд оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлээд ирсэн билээ.
Б.Туул