Сүхбаатар аймгаас анх удаа Аварга үсчин төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 оны Үсчин, гоо сайханчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн харьяат залуу үсчин Адъяагийн Алтанцэцэг оролцон тэргүүн байрт орж, Алтан медалийн эзэн боллоо.
Тэрээр үндэсний хэв шинжийг агуулсан, авангард үсний бэлэн төрөлд аваргын титмийг өргөсөн юм. Ийнхүү Сүхбаатар аймгаас анхын аварга үсчин төрөн гарлаа. А. Алтанцэцэгийн оролцсон төрөл урьд нь олон улс, дэлхийн хэмжээний тэмцээний төрөлд багтдаг байсан бол энэ жил анх удаа монгол үсчдийн аварга шалгаруулах тэмцээний төрөлд албан ёсоор багтсан юм байна. Тэмцээнд нийслэл хот, орон нутгийн 200 гаруй үсчин, гоо сайханч өрсөлдөж, ур чадвараа сорьжээ.
А.Алтанцэцэг өмнө нь Сүхбаатар аймгийнхаа Londa үсчний салонд ажиллаж байсан бөгөөд өдгөө Улаанбаатар хотын “Хос шагай” салонд жил гаруй хугацаанд ажиллаж байна.
Түүний эгч А.Ууганцэцэг нь аймгийнхаа Londa салоны захирал, мөн аймагтаа ур чадварын хувьд дээгүүрт ордог үсчин юм. Тэрээр мөн саяхан Мастер үсчний цол тэмдэг авчээ.
Сүхбаатар аймгийн үсчин гоо сайханчдын холбоо нь гишүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, шинэ шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр ихээхэн анхаарч төрөл бүрийн сургалт семинариудыг орон нутагтаа зохион байгуулж, тэмцээн уралдаанд тогтмол оролцуулдаг. Сүхбаатар аймгаас анх удаа улсын аварга үсчин төрсөн нь тэдэнд цаашид дахин амжилт гаргах боломж бий гэдгийг харууллаа.
Үсчин, гоо сайхан, хумс засалчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд тэдний ур чадварыг сорьдог хамгийн том тэмцээн юм.
Т. Одончимэг