Цаг зөөлөрсөн үед би төрсөн нутагтаа заларнаа гэдэг байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-09 17:05:50

Нэрт зохиолч, Дилов хутагт судлаач Л.Чойжилсүрэн:

Цаг зөөлөрсөн үед би төрсөн нутагтаа заларнаа гэдэг байсан

Түүхийн ороо бусгаа цаг буюу 1930 –аад он. Хичнээн хүн хэлмэгдэлд өртөж, амь насаа алдаж, эх орноосоо “урвагч” гэсэн хүйтэн нэрийг зүүв дээ. Энэ л хэлмэгдэлтийн он жилүүдэд, харь нутагт амьдарч, эх орондоо ч ирэх эрхгүй байсан хүмүүс түүн дотор олон.  Энэ л хүмүүсийн нэг  бол Дилов хутагт Жамсранжав юм. Түүний өөрийн бичсэн намтраас товч сийрүүлбэл: “Миний бие  Дилов хутагт Баашлуу овогтой Жамсранжав нь 1886 онд Завхан аймгийн Түдэвтэй суманд Ойгон нуурын хөвөөнөө төрсөн” гэж тэмдэглэж үлдээжээ. Жамсранжав Дилов хутагт нь эрдэм чадал, ид шидээр тодорхой нэгэн байжээ. Тэрээр 1965 онд АНУ–д амьдарч байгаад 82 насандаа таалал төгссөн. Түүний хойд дүр ОХУ–ын Халимаг улсад тодорсон бөгөөд Халимагийн бурхан шашны тэргүүнээр залагдсан байна. Түүхийн хуудсыг сөхөж үзвэл Дилов хутагт гэж хэн байв, ямар гавьяатай хүн байв, яагаад тагнуул туршуул гэж хэлэгдэх болов? Энэ тухай   тодруулахаар Дилов хутагт  судлаач, зохиолч Лхамсүрэнгийн Чойжилсүрэн гуайтай ярилцсан юм.

Тэрээр “Дилов хутагт” хэмээх бүрэн хэмжээний зохиолоороо “Алтан өд” наадмын Гран при шагналыг хүртсэн юм.

-Сайн байна уу? Танаас Дилов хутагтын тухай хэдэн зүйл тодруулах гэсэн юм?

-Бололгүй яах вэ? Дилов хутагтын тухай ярихаас нэг хэсэг жийрхдэг байсан. Одоо тэр үеэ бодвол бас харьцангуй гайгүй болжээ. Түүний тухай ярихын тулд заавал тусгаар тогтнолын тухай ярих хэрэгтэй болно. 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монгол улсын нийт ард түмэн тусгаар тогтнолоо баталж гарын үсгээ зурсан. Хятадын төв Засгийн газраас “Хэрэв Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч байгаа юм бол бид Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрнө” гэж Чан Хай Шиний Засгийн газраас мэдэгдсэн.  Тэгээд нэг өдрийн дотор л гарын үсэг зурах ажил дээр дооргүй болсон.

Тэр үед Хятадын Засгийн газрын найман хүн Монголд ирж ажлын явцыг шалгаж байсан Монголчууд дуртай байна уу, дургүй байна уу эсвэл Хятадын талд байна уу гэдгийг ажигласан байдаг юм. Зарим нь ч хөдөө явсан. Хэдийгээр тархай бутархай нутагтай манай оронд, хүн бүрийн гарын үсэг авна гэдэг хэцүү байсан ч гэсэн Монголын ард түмний 98 хувь нь тусгаар тогтнолоо баталж гарын үсгээ зурсан байдаг. Дараа нь Чан Хай Шиний Засгийн газар, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хүлээн зөвшөөрсөн болохоор Монголын төлөөлөгчдийг Хятадын нийслэл Чунчин /тэр үеийн Хятадын нийслэл хот Чунчинд байрлаж байсан\ хотод 1946 оны 1 дүгээр сард урьсан. Сүрэнжав гуай тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр очсон. Тэр төлөөлөгчдийг угтсан Хятдын Засгийн газрын төлөөлөгч дотор нэг Монгол лам Сүрэнжав гуайтай гар барьсан байдаг юм. Тэр лам: “Би Монголын Дилов хутагт байна. Монголын тусгаар тогтнолыг Хятад гүрэн зөвшөөрсөнд би их баяртай байна” гэсэн. Сүрэнжав гуай их сандарсан шиг байгаа юм. Яагаад гэхээр Сүрэнжав гуайг явахын өмнө Маршал Чойбалсан дуудаад нэг бүдэгхэн зураг үзүүлээд “Та нарыг очиход энэ хүн угтах байх. Энэ хүнийг таньж байна уу? гэсэн. “Танихгүй байна” гэсэн. Үнэхээр зураг нь бүдэг болохоор танихгүй байсан” гэж Сүрэнжав гуай хожим нь дурсан ярьдаг юм. Гэтэл “энэ өнөө оргодол Дилов хутагт гэдэг чинь” гэсэн. Тэгэхээр зэрэг чи энэ хүнтэй уулзаж болохгүй. Уулзсан байвал чамд арга хэмжээ авна гэж Маршал Чойбалсан  анхааруулсан. Тэднийг очиход үнэхээр Дилов хутагт онгоцны буудал дээр албаны хүмүүсийн хамт хүрээд ирчихсэн байсан. Хожим Сүрэнжав гуайгаас асуухад “Би юундаа сандардаг юм. Та сайн уу” гэж асуусан гэдэг.  \инээв\ Хятадын төв Засгийн газар  бол Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл нуран унасан Чан Хай Шиний Засгийн газар шүү дээ. Дилов хутагт Чан Хай Шиний зөвлөхөөр зургаан жил ажилласан.

-Тэр хүн чинь тагнуулаар гадагшаа гарсан биз дээ?

-Тийм ээ. Тагнуулаар гараад ирж чадаагүй өнгөрсөн. Тэгээд л Хятадад үлдчихгүй юу. Буцаж ирсэн бол буудуулах л байсан. Хувь заяа нь л өөр юм байлгүй

-Дилов хутагт Чан Хай Шиньд чухам юу зөвлөдөг байв аа?

-Шашны том зүтгэлтний хувьд Хятадын ард түмний эв нэгдлийг бэхжүүлэхэд бас шашин хэрэгтэй байсан. Тийм учраас Чан Хай Шинь бол Жанжаа хутагт, Дилов хутагт хоёрыг дэргэдээ байлгаж, тансаг байранд суулгаж ажиллуулж байсан. Хятад гүрэн Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тэр үнэнийг Дилов хутагт бол нүдээрээ харсан. Тэр байтугай, Монголын тухай Чан Хай Шиньд зөвлөгөө өгч байсан. 1942 онд Латтимортой хамт жил гаруй хугацаанд Чан Хай Шиньд зөвлөх байсан. Латтимор ярихдаа: “Тэр үед Дилов хутагт  бид хоёр нэг байранд суудаг байлаа. Есөн зүйлийн тагнуулууд байдаг байсан. Тийм болохоор бид хоёрын нууц хэл бол Монгол хэл” байсан гэж  ярьдаг юм. Дилов хутагт бол юу санаснаа Чан Хай Шиньд зоригтой хэлдэг хүн байсан шиг байгаа юм.  Нэг удаа Чан Хай Шинь, Латтимор, Дилов хутагт гурав сууж байсан.  Тэгтэл Дилов хутагт гэнэт “Одоо дэлхий дээр арваад сая Монгол хүн байна. Хэрвээ тэдний таван сая нь нэгдчихвэл хүчирхэг болно доо” гэж Чан Хай Шиньд хэлсэн. Латтимор их гайхсан,  Дилов хутагт яагаад ингэж хэлснийг мэдэхгүй. Ямар чиг байсан Чан Хай Шиний дэргэд айхтар үг хэлсэн. Харин Чан Хай Шинь ер уурлаагүй шүү, тайван хүн байсан” гэж дурдатгалдаа бичсэн байдаг. Энэ бол нэг тал нь. Нөгөөтэйгүүр 1961 онд Монгол улс НҮБ-ын гишүүн болсон. Тэгэхэд Дилов хутагт Хятадаас Америкт очсон байсан. Тэрээр тэнд байхдаа дээд сургуульд зөвлөх багш, Латтиморийн гадаад хэлний дээд сургуулийн багш хийдэг, бас ч үгүй энд тэнд очиж лекц уншдаг байсан байна.

-Монгол улсын талаар лекц уншдаг байсан хэрэг үү?   

-Монгол улсын талаар ч юм уу, шашны талаар ч юм уу янз бүрийн сэдэв байна л даа. Шашны том зүтгэлтний хувьд. Тэгээд 1952 онд Европоос хэсэг Халимагууд ирсэн. НҮБ-ын зөвшөөрлөөр газар нутаггүй болсон тэднийг Нью–Йоркийн ойролцоох Нью–Жерси мужид суурьшуулахаар болсон. Дараахан нь Америкт Монголын нэг дээд зиндааны хутагт хүн амьдарч байгааг дуулаад Халимагууд амьдарч байгаа Нью- Жерсидээ хутагтыг урьсан байгаа юм. Хутагтыг урьж аваачаад ой модон доторх хоёр байшин хөлсөлж авсан. Халимагуудын байшинг хөлсөлсний зорилго нь эргэл мөргөлийн газар байгуулах зорилго өвөрлөжээ. Тэгсэн Америкт арц байтугай, үнэртэн ч олдохгүй тийм газар  байсан. Тэгээд Дилов хутагт Энэтхэгт байдаг шавь нар руугаа захиж авчруулсан байгаа юм. Ингээд мөргөлийн газрыг байгуулалцсан юм. Тэр үед  Дилов хутагт Нью- Йоркт гурван өрөө байртай болсон байсан. Тэндээ ч амьдардаг, Нью- Жерсид ч байж хийдийн хурал номонд ч  оролцдог байжээ. Америкт шарын шашин дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, Халимаг иргэдийг сэтгэл санааны  хувьд дэмжихэд их том хувь нэмэр оруулсан хүн. 1961 оны 10 дугаар сарын 30–ны өдөр. Монгол улс НҮБ –д элсч ерөнхий Ассемблейгээр батлагдсан. Ингээд батлагдахад дээд хуралдааны танхимд нэг Монгол лам сууж байсан. Нөгөө лам хуралдааныг хараад л нүдэндээ нулимстай алга ташиж суусан. Энэ танхимд  алга таших хориотой байдаг. НҮБ-ын дүрэмд харш,  гэхдээ сэтгэл нь хөдөлсөн нэг лам алга ташихыг хориглосон ч, өвгөн хүнийг өршөөж байсан хэрэг. Түүний дараа Хятадын төв Засгийн газар, Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үйл явдлын гэрч болсон. Дилов хутагт бол хоёр том үйл явдлын азтай бөгөөд хүндэтгэлтэй гэрч, дэлхийн хоёр бөөрөнд болсон том үйл явдлыг нүдээрээ харсан ийм азтай  хүн юм. Дилов хутагт гэж ийм хүн байлаа.  

Саяхан намайг сонинд Дилов хутагтын талаар цувралаар бичих хүртэл “Оргодол Дилов”, “Эх орноосоо оргосон”, “Урвагч” нэртэй байлаа.

Энэ хүн чинь “Урвагч” биш,  ийм ийм үйл явдалтай, намтартай хүн гэдгийг уншигч түмэндээ эрх бүхий газруудад ойлгуулах хэрэгтэй байсан. Тийм учраас материал цуглуулах, судалж үзэх хэрэгтэй байсан. Түүнийг судлахад бид  Монголоос саравчилж хараад л сууж байна гэдэг учир дутагдалтай байсан хэрэг. 1990 онд Ардчилал гарч ирж 1991 оноос Монголчууд чинь гадагшаа гарч эхэллээ шүү дээ. Тэгэхэд би Америк явах гэж зүтгэлээ. 1991 он гэдэг маань ямар үе байв. “Монгол  банк” надад 10 доллар сольж өгсөн. Дүрэм нь тийм байсан. Тэгээд 10 доллартой “хилээр авч явж болно” гэсэн зөвшөөрлийн бичиг хийж өгсөн. Тэгээд Дилов хутагтын амьдарч байсан орон сууц, анх равнайлж, босгож байсан шашин мөргөлийн газар гээд л олон газраар явсан. Валтимор хот дахь Латиморын сургуульд очиж, байсан зарим газрууд гээд л олон газраар явсан. Улаанбаатар хотод архив үзээд  сураглаад суух, нүдээр үзэх хоёрын хооронд их ялгаатай. Тэр үед бүх юм хаалттай Дилов хутагттай уулзсан гэвэл бас дотоод яамныхан яах ч юм билээ гээд л манай элчингийнхэн их хэцүү байсан шиг байгаа юм. Дилов хутагт “манай байнгын төлөөлөгчийн газар хаа байна” гэж үе үе гудамжаар очиж хардаг байсан. Тэгээд нэг удаа явж байгаад Нью- Иоркийн төв цэцэрлэгт орсон. Тэгсэн тэнд хэдэн монгол хүүхэд тоглож байсан. Тэгээд нөгөө хүүхдүүдийг харж сууж байгаад тэдэн дээр явж очоод “Та нар монгол хүүхдүүд үү” гээд толгойг нь илээд өөрөө толгой дээр нь илж адис өгөх биш, тэр хүүхдүүдийн өвдгөнд толгойгоо хүргэж адис авсан гэдэг. Элчингийн Жаргалсайхантай бол нэг удаа гудамжинд тааралдсан. Тэр  олигтой ч  юм яриагүй яваад өгсөн. Тэгэхдээ Монгол -Америкийн нийгэмлэг гэж байгуулагдахад хуралд нь оролцож байсан  Дашцэрэн гуайтай ярилцсан тэмдэглэл байдаг юм. 

Дилов хутагт Америкт байхдаа маш их аялсан хүн. Америкийн бараг бүх газраар явсан. Тэрээр “Америк бол  маш их чөлөөтэй орон юм. Ганцхан хууль дүрэм журмыг л ягштал баримтлах хэрэгтэй” гэж Энэтхэгт байдаг шавь нартаа бичдэг байсан. Сүүлдээ Энэтхэгээс шавь нараа авчирч асруулж байсан гэдэг.

-Хутагтыг Монголд ирэх үү гэж асуудаг байсан байх хүмүүс...?

-Дилов хутагт “Нэг үеэ бодуул цаг нь зөөлөрчихсөн байх л даа. Гэхдээ болоогүй ээ” гэж хариулдаг байсан. Тэгэхээр Дилов хутагт бол 1965 онд тэнгэрт хальсан хүн. Энэ үед цаг хатуу хэвээрээ юм зөөлрөх яагаа ч үгүй байсан. Тэгэхдээ тэр их сургуульд багшилж байхдаа зав чөлөөтэй болж, ямар ч гэсэн юм бичихэд өөрийгөө болоод бусдыг хороочих вий гэсэн тагнуулаас ангижирсан нөхцөлд өөрийн зарим дурдатгал, намтраа бичиж үлдээсэн байдаг.

-Дилов хутагтын чандар Монголд ирж төрсөн нутагтаа заларлаа?

-Хутагтын чандарыг нь гурван бумбанд хийсэн юм. Нэгийг нь Нью-Жерси хотын сүмд залах, хоёр дахийг нь Энэтхэгийн Ганга мөрөнд цацах, гурав дахийг нь цаг зөөлөрсөн цагт Монголд залах гэж гэрээслэсэн байдаг. Тэр хүсэл гэрээслэл биелэлээ олж байна.  

-Хутагт эх орондоо ирэх хүсэл их л байсан байх даа ?

-Эх орондоо ирэх боломжгүй гэдгийг мэдэж байсан. Гомбожав гуай \Монголч эрдэмтэн\ “Дилов хутагт бол Тайваньд очиж асар жаргалтай амьдарч болох байлаа. Гэтэл Америкт байгаа сүсэгтнүүддээ хоргодож энд үлдсэн юм. Тайвань арал дээр чинь Чан Хай Шинь олон жил болсон. Чан Хай Шиньд морилохоор очвол тэнд баян тансаг амьдрах бүрэн боломжтой байсан. Гэтэл тэгээгүй ээ гэж” бичсэн байдаг. Америкт 16 жил болсон. Гэхдээ Өвөр Монголоос нэг Монгол гэр аваачиж, нэг танил Америкийнхаа зусланд бариад зунд нь гардаг байсан гэдэг.

-Монголын улс төрийн амьдралд Дилов хутагт оролцож байсан уу? Оролцсон бол ямар гавьяатай хүн юм бэ?

-1916 онд бол  автономитын дараа өмнөд хязгаарын Хатанбаатарын цэргийн ламаар явж байсан. Өөрөөр хэлбэл Өвөр Монголыг чөлөөлөх, тэндээс нааш ирэх хулгай, аллага зэргийг зохицуулах зорилгоор зургаан сар өмнөд хил дээр Хатанбаатарын цэрэг байрласан. Түүний цэргийн ламаар явж байсан. Тэр үед “Өлгий” хийд гэж говьд мянган ламтай том хүрээ хийд байжээ. Тэгээд нөгөө цэргийн ламыг чинь урих уу, яах уу гээд л лам нар ярьдаг байжээ. “За юу л  базаагаа л аж дээ. Халхын хонины маханд бялуурсан, эрх  ямбандаа эрдсэн тийм л хүн байгаа биз” гэж зарим лам нар нь тоомжиргүй байжээ.  Тэгээд Өлгий хийдийнхэн Дилов хутагтыг урьжээ.

Тэр үед шар говьд бороо хур орохгүй ган болчихсон байсан. Тэгтэл Дилов хутагт ёслол үйлджээ. Ингээд азаар ч юм уу юугаар ч юм, бороо орсон гэдэг. Тэгээд үнэхээр л ид шидтэй юм байна гэж биширч байсан. Өвөр Монголд бол есөн жил болсон. Тэгээд тагнуулаар  хил давсан.

-Яагаад тагнуулаар явуулсан юм бол?

-Тухайн үед бол Өвөр Монголд Далай ламтайгаа таарахаа больсон Банчин Богд бол Японтой холбоотой. Банчин Богдын тагнуул Монголд орж ирж байна гэж ярилцдаг байлаа.

Тэгээд Банчин Богдтой хэн уулзаж чадах вэ? Монгол лам юм уу, жирийн хүнийг бол Банчин Богд өрөөсөн нүдээрээ ч харахгүй. Тиймээс Монголын том тушаалтан чадна гэсэн ойлголттойгоор Дилов хутагтыг явуулсан гэдэг.

-Дилов хутагтыг явуулах ямар нөхцөл бүрдсэн юм бэ?

-Зүгээр л Монголын нэг том зиндааны лам хүрээд ирэх юм бол итгэхгүй шүү дээ. Тэр үед Эрэгдэндагвын хэрэг гэж 38 хүн холбогдсон түүхэн шүүх хуралдаан болж, Монголын  гурван том хутагт оролцжээ. Энд Сүхбаатар аймгийн Егүзэр хутагт, Төв аймгийн Манзушир хутагт, Дилов хутагт нар байлаа. Нөгөө хоёрт нь цаазын ял оноож, Дилов хутагтыг сулласан. Тэгэхдээ “хоёр жилийн дотор гэмт хэрэгт холбогдвоос цаазын ял сонсгоно” гэж заналхийлсэн заалттай. Монголын гурван хутагт цаазлуулсан гээд л Өвөр Монголчуудад мэдээ шуурхай хүрч байсан. Энэ бол Дилов хутагтад хамгаалалт болж өгсөн.

-Дилов хутагт ид шидтэй хүн байсан уу?

-Тэр үед Өвөр Монгол Японы эрх мэдэлд байлаа. Дилов хутагтыг Японы тагнуул гээд  Өвөр Монголчууд барьж авчээ. Ар Монголын тагнуул гээд газар ухаад, нүхэн дотроо суулгаад дээр нь хуурай мөчир, бургас тавиад шатаажээ. Шатаж дууссаны дараа хүрч ирээд үнс нурмыг нь зайлуултал “Үгүй ямар их халууцав аа” гэсээр зүгээр босv ирсэн гэж ярилцдаг юм. Энэ бол домог л доо. Иймэрхүү домог олон байдаг.

-Дилов хутагт эх орондоо ямар гавьяа байгуулсан бэ?

-Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гар бие оролцож байсан. Тэр үеийн хувьсгалчидтай холбоотой байсан. Тэр байтугай Америкаас тусламж гуйх бичгийг Харбинаас ирсэн нэг Америк хүнд гардуулж өгч байсан. Дилов хутагт өөрөө хэлэхдээ шашин номын үйл гэхээсээ нийгмийн талын ажилд идэвхтэй оролцож, их цаг зав зарцуулдаг байсан гэж бичсэн байдаг.

-Дилов хутагт 17 –р Далай ламын багш байсан гэдэг. Энэ тухай?

-Төвдөд жил илүү байсан. Төвдүүд бол Дилов хутагтаас жийрхэж байсан. Учир нь Хятадад Чан Хай Шиний туслах байсан гэдэг утгаараа тагнуул байж магадгүй гэж болгоомжилсон хэрэг.

Өөрөө бол Далай ламын дэргэд багш нь болъё гэсэн хүсэл байсан уу? гэвэл байсан.

Тэгэхдээ Хятадын улс төрийн амьдрал бол Төвдөд янз бүрээр нөлөөлж байсан. Тэгэхээр Төвдүүд Чан Хай Шиний талын хүн юм уу, Хятадын талын хүн юм биш байгаа гэсэн хардлага байсан. Тэнд Дилов хутагт жил илүү болохдоо Энэтхэг, Балбаар аялж байгаад, Төвдүүдийн зөвлөгөөгөөр Хятадад буцаж ирсэн. Нанжүн хотод байсан. Энэ хотод бол Жанжаа хутагтад бариулсан хоёр давхар байр зассан байсан. Жанжаа хутагт Тайвань руу явсан учраас Дилов хутагт тэр байшинд амьдрах болсон. Өвөр Монгол олон үйлчлэгчтэй байсан. Тэгээд ер  нь хоёр сонголт байсан. Хутагтад Төвд явах уу, яах уу гээд л...

 Тэгтэл Америкаас Латтимор захиа бичиж “Та одоо энд ирээд хурал номынхоо ажлыг үргэлжлүүлбэл яасан юм бэ? Таны нэр өгсөн хүүхэд тань таныг их санаж байна” гэж бичсэн.

Тэгэхэд Латтиморынхоос хүүхэд гардаггүй байжээ. “Хүүхэд гаргаж өгөөч” гэж Латтимор хүсжээ.

Тэгээд Дилов хутагт, ном уншиж тарнидсан уу, өөр яасан ч юм бэ Латтимор хүүтэй болсон.

Түүнийг “Дилов хутагтын хүү” гээд нэрлэчихсэн.  Ингээд л хүү чинь их санаж байна гэдэг бол ийм учиртай. Ингээд л Латтиморын урилгаар Дилов хутагт Америкт очсон юм.

 

Б.Мягмарсүрэн

相关新闻