Монгол-Хятадын уран бичээчдийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Онгон байгаль, содон шүлэгчийн дурдатгал” сэдэвт Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Улаанбаатар их сургуулийн номын өргөөнд боллоо.
Үзэсгэлэнд Монгол, Хятад хоёр орны нийт 50 гаруй уран бичээчийн бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна.
Нээлтэд Соёл урлагийн газрын дарга, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, УБИС-ийн захирал С.Байгалсайхан, БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын хэлтсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хучрэг, Хятадын Соёлын төвийн дарга Дэ Бо, БНХАУ-аас манай улсад хөрөнгө оруулагчдын "Шун хуа" нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Шагналт, Хятадын ардын өдрийн сонины сурвалжлагч Ян Тао, Синьхуа агентлагийн монгол дахь сурвалжлагч Жөн Чоун, “Онгон байгаль содон шүлэгчийн дурдатгал” уран бичлэгийн үзэсгэлэнг санаачлан үүсгэн байгуулагч Бадрангуй, Журамт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооны УЗ-ийн гишүүн Дан.Нямаа, Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, Нацагдоржийн шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа, Чойномын өвийг хамгаалах Өд сангийн тэргүүн Д.Ганболд, Монголын уран бичлэгтний Олон улсын холбооны ерөнхийлөгч Р.Отгонбаатар, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б.Элбэгзаяа нар оролцлоо.
Мөн ШУА, Хэл зохиолын хүрээлэн, УБИС-ийн эрдэмтэн багш судлаачид, зохиолчид, уран бичээчид, оюутан залуус хүрэлцэн ирсэн байв. Үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ