-50 хэм хүрч хүйтрэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 16:36:26

ОБЕГ-аас 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн талаар өнөөдөр мэдээлэв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр ирэх оны 1, 2 дугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, -50 хэмийн хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Нутгийн баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар цас 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см зузаан нягтарч хатуурсны улмаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ гэмтэх, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл үүсээд байгаа аж. Их цас, шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг 14 аймгийн 88 сумын 142 даваа цасанд боогдох эрсдэл үүсдэг байна. Тиймээс гамшгаас үүдэх хохирлыг бууруулах зорилгоор дээрх газруудад ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангасан байна. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар цас их орж  байгаа тул айлуудыг говийн бүс рүү отор нүүдэл хийлгэх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

Түүнчлэн орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, хүсэлт ирүүлжээ. Өвөлжилтийн хүндрэлийг даван туулах зорилгоор Засгийн газраас 12 аймагт 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Мөн 21 аймагт нийт 630 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашин олгосон байна.

Ч.Ариунболд

相关新闻