Хүүхдийн тасаг хоёр дахин ачаалал ихтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-27 15:21:04
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасаг 27 ортой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус тасгийн ачаалал хоёр дахин их байгаа аж.

Аймгийн хэмжээнд амьсгалын замын өвчлөл буюу ханиад томуу 0-5 насны хүүхдүүдийн дунд элбэг байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасагт 64 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны асуудал ихээхэн хүндрэлтэй байгаа  гэдгийг эцэг эхчүүдийн зүгээс хэлж байна.

Дээрх асуудлыг шийдэх үүднээс уламжлалын тасагт нэмэлт ор гарган үйлчилж байгаа бөгөөд голлон ханиадаар өвчилсөн хүүхдүүд эмчилгээ хийлгэж байна. Зарим хүүхэд уушгины хатгалгаатай болтлоо хүндэрч ирэх нь цөөнгүй байгаа гэнэ. Мөн энэ өвлийн хувьд өмнөх оныхтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг эмч нар хэлж байна.

Эмч мэргэжилтнүүдийн зүгээс эцэг эхчүүдэд хандан “хүүхэд ханиалгаж эхлэхэд дур мэдэн эмчийн зааваргүй эм өгөх, ханиадтай байхад нь цэцэрлэг, сургуульд нь явуулах зэргээр өвчлөлийг хүндрүүлэхгүй байх”-ыг Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Н.Отгончимэг зөвлөж байв.

Тэрээр цааш нь олон нийтийн газруудаар явахдаа ч өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж ямар нэгэн халдварт өвчний үүсгэгч тээж гэртээ авч очихоос болгоомжлох, үр хүүхдээ агаар болон чанартай хоол хүнсээр хангаж эрүүлжүүлж сайн байхыг зөвлөсөн юм.

Мөн халдварт өвчтэй үедээ өндөр настай, жирэмсэн эхтэй болон нярай хүүхэдтэй айлд очихгүй байх заавал очих шаардлагатай бол амны хаалт хэрэглэх зэргээр  өмчлөлийг нэмэгдүүлэхгүй урьдчилан хамгаалах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүсийн зүгээс  зөвлөж байна. Та хүүхдээ томуу, томуу төст өвчний халдвараас сэргийлж байнгын асарч сувилан, шаардлагатай тохиолдолд өрхийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг албаныхан анхааруулж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻