Ахмад тээвэрчин Д.Баасанг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-29 13:16:29

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан Авто тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн ахмад тээвэрчин Дагвын Баасанг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Тэрбээр 1953 онд Архангай аймгийн Хотонт суманд төрж, 1973 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Үр тарианы САА-д жолоочоор ажиллаж байгаад 1977 оноос эхлэн Хархорин сумын хот хоорондын авто тээврийн 34-р баазад жолоочоор тасралтгүй 20 жил ажилласан юм. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, улсын төлөвлөгөөт уралдааны үүргээ жил дараалан биелүүлж байсан бөгөөд ачаа тээврийн аваргын болзол хангасан БНМАУ-ын “Хошой аварга” тээвэрчин юм.  Мөн 1981-1984 онд 12.979 тн ачаа тээвэрлэсэн нь 16 жил 7 сарын ажлыг 5 жилийн дотор гүйцэтгэсэн үзүүлэлт байжээ.

Д.Баасан авто тээврийн салбарт гүйцэтгэсэн үүрэг, хөдөлмөрөөрөө “Байгууллагын аварга”, “Байгууллагын ачаа тээврийн аварга”, “Байгууллагын ургац тээврийн аварга”, “Баазын ургац тээврийн аварга”, “Тээврийн залуу аварга”, “Улсын өвс тээвэрлэлтийн аварга”, “Аймгийн аварга”, “Улсын аварга”, “Улсын хошой аварга”-аар шалгарч, төр засгаас “Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 60 жил гавшгайч”, “Автотээврийн 60 жилийн ойн хүндэт тэмдэг”, “Аймаг байгуулагдсаны 80 жиллийн ойн хүндэт медаль”, “VII, VIII таван жилийн гавшгайч тэмдэг”, “Алтангадас” одонгоор тус тус шагнаж байжээ.

Ахмад тээвэрчин Д.Баасангийн тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан Төрийн ордоны Ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулан өглөө.

Ч.Ариунболд

相关新闻