Манай сурвалжлагч Дархан-Уул аймгийн шилдэг сэтгүүлч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч Б.Норовсамбуу аймгийнхаа 2016 оны шилдэг сэтгүүлчээр шалгарав.
Сэтгүүлч Б.Норовсамбуу нь хэвлэл мэдээллийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж буй.
Одоо тэрбээр МОНЦАМЭ агентлаг болон МҮОНР-гийн сурвалжлагчаар ажилладаг. Энэ онд тус аймагт болсон үйл явдал бүрийг шуурхай сурвалжилж, МОНЦАМЭ агентлагт нийт 833 мэдээ, сурвалжлага, ярилцлага бэлтгэж орон даяар болон дэлхий нийтэд сурталчлан ажилласан бол МҮОНР-гийн “Хурд” агентлагт нийт 744 мэдээ, “Дөрвөн зүг найман зовхист”, “Малчин”, “Боломж”, “Найраг хөгжөөх цаг” зэрэг нэвтрүүлэгт нийт 65 сурвалжлага, МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр нийт 268 мэдээллийг нэвтрүүлж нийтийн хүртээл болгосон байна. Мэдээ сурвалжлага бэлтгэхийн зэрэгцээ тус аймаг дахь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуульд багшилж, ирээдүйн сэтгүүлчдийг бэлтгэж байна.
МСНЭ-ийн Дархан салбарынхан “Ган үзэгтэн” шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулах үеэр ахмад сэтгүүлч Б.Норовсамбууд шилдэг сэтгүүлчийн шагналыг гардуулсан аж.
Б.Туул