Шинэ оны өмнөхөн шинэ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-02 15:43:39

Завханы Завханмандал сумын хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн 1 тэрбум 420 сая төгрөгийн санхүүжилтээр 100 хүүхдийн ортой шинэ байртай боллоо.

Өмнө нь тус цэцэрлэгийн хүүхдүүд 50 хүүхдийн хүчин чадалтай, ердийн галлагаатай, тохь тух муутай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд хичээллэж байжээ. Харин шинэ байртай болсноор нэгдсэн халаалт, цэвэр бохирын шугаманд холбогдсон дотроо ариун цэврийн өрөөтэй, тохь тухтай орчинд хүүхдүүд хүмүүжих боломжтой болжээ.

Цэцэрлэгийн шинэ байрыг дагалдуулан Боловсрол Соёл Урлаг Спортын Яамнаас 11 сая төгрөгийн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, 13 сая төгрөгийн тавилгыг нийлүүлсэн байна. Мөн ОНХС-ийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж байгаа бол аймгийн Засаг дарга Д.Батсайхан чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулахад таван сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ.

Мөн тус сумын УБ хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч н.Энх-Амгалан нэг бүлгийн иж бүрэн тохижилтыг 10 сая төгрөгөөр хийж өгсөн гээд тус цэцэрлэг олны хандив дэмжлэгээр ийнхүү бүрэн дүүрэн тохижилттой бяцхан эздээ хүлээн авчээ. Дашрамд тус цэцэрлэгт 102 хүүхэд суралцаж байгаа бөгөөд цэцэрлэгийн хүүхдийн хамран сургалт 96.7 хувьтай байгаа аж.

Б.Мягмарсүрэн

相关新闻