“Аргил цагаан өвгөн” туулийг бүрэн эхээр нь хайлна
МОНГОЛЫН МЭДЭЭ"Аргил цагаан өвгөн" их хөлгөн туулийг бүрэн эхээр нь Богд хааны ордон музейн Хаан туульсын өргөөнд энэ сарын 7-нд хайлна.
Энэхүү туулийг Монгол Улсын Төрийн шагналт, туульч Б.Авирмэдийн хүү төрийн туульч А.Балдандорж хайлах юм. Энэ тууль нь хар цагаан хэл ам дарах, эд баялаг дуудах, онгод хийморь сэргээх увидастай гэж үздэг.
Богд хааны ордон музей жил бүр өвлийн сард соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын өргөөнөө монгол тууль хайлдаг уламжлалтай. Тухайлбал, уг өргөөнд өмнөх жилүүдэд “Аргил цагаан өвгөн”, “Наранхүү хаан”, “Долоон настай довон хар бөх”, “Зураг шаргал морьтой Зул алдар хаан” зэрэг туулийг бүрэн эхээр нь хайлж, олон нийтийн хүртээл болгож байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн сард “Бүжин Даваа хаан” хэмээх их хөлгөн туулийг хайлсан билээ.
Ж.Болор