Хөр цас ихтэй байгаагаас малын хөлийн шилбэ халцарч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнгөрсөн оны 11 сарын эхээр Төв аймгийн Цээл сумын хэмжээнд нэлээд цас унаж өнөөдрийн байдлаар тал хээрийн нутгаар 40-60 с/м, гуу жалганд 60-80 с/м зузаан цастай байна. Нэмж цас ороогүй ч дагтаршиж, хөр цас ихтэй байгаагаас малын шилбэ халцарч байна гэж Төв аймгийн Цээл сумын Засаг дарга С.Цагаанбаатар хэлэв.
Цээл сумын хэмжээнд нийт 320 малчин өрхтэй бөгөөд 2015 онд 135 мянган толгой мал тоолуулж байсан бол 2016 онд таван төрөл дээрээ өсгөж хонь 5489, ямаа 2400 толгой нийт 145 мянган толгой мал тоолуулжээ. Тус сумын Хоньчийн нуруу, Бүдүүн нарийн ухаа, Наймын даваа, Нүдэн, Цайдам нуур зэрэг газарт гурван аймгийн 40 гаруй сум, суурин газрын 62 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Харин Цээл сумаас гадагшаа мал өвөлжөөгүй юм.
Малчид өөрсдөө өвс тэжээл бэлтгэсэн бөгөөд өвөлжилтөд зориулж Цээл сум өвсний нөөцийн фонд бүрдүүлээгүй байна. Иймээс цаашид суманд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудын дунд өвөлжилт хүндэрсэн үед малчиддаа туслах сайн үйлсийн аян зохион байгуулж ажиллана гэж Төв аймгийн Цээл сумын засаг дарга С.Цагаанбаатар хэллээ. Төв аймгийн Цээл суманд аймгийн онцгой байдлын өвсний аюулгүйн нөөцийн фонд байрладаг. Онцгой байдлын өвсний аюулгүйн фондод 30 мянган боодол өвсийг бэлтгээд байгаа бөгөөд Төв аймгаас хуваарь ирсний дагуу дээрх өвснөөс бусад сумдад нийлүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн ХХААГазар сумын хадланчидтай хамтарсан гэрээ байгуулж аюулгүйн фондын өвснөөс зургаан мянган боодол өвсийг малчдад хүргэжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн оны 11 сарын зургааны өдөр нэг өрхөд малын гоц халдварт цэцэг өвчин гарч, найман хонь устгалд оруулсан байна. Түүнчлэн бусад хонин сүргийг вакцинжуулалтад хамруулснаар өвчний дэгдэлтийг тархаалгүй намжаажээ.
Цээл сумыг тойрч Жаргалан, Сүмбэр, Заамар сумаас гадна Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарсан нь цаашид суманд тархах магадлалтай байгаа гэнэ. Иймд Цээл сумын удирдлага аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа гэв.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр