Цас нэмж орвол өвөлжилт хүндэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-05 19:18:06
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Заамар сумын хэмжээнд өнгөрсөн жил зуншлага тааруу, бороо хур цөөнтэй байснаас гандуу жил болсон байна. Мөн 11 сард их хэмжээний цас унасан нь зудархуу байдалтай болгоход хүргэсэн бөгөөд хэрэв дахин цас орвол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна.

Төв аймгийн Заамар сумын хувьд 5599 гаруй хүн амтай, 410 гаруй малчин өрхтэй бөгөөд өвөлжилтийн бэлтгэлийг 80 гаруй хувьтай хангасан байна. Оны эцсийн мал тооллогын дүнгээр сумын хэмжээнд нийт 260 мянган толгой мал сүрэг тоолуулжээ.Төв аймгийн Заамар сум энэ жил өвөлжилтийн бэлэн байдалд зориулж хоёр мянган боодол өвс бэлтгэсэн бөгөөд малчдад хөнгөлөлттэй үнээр олгож эхэлжээ. Иймд цаашид болзошгүй аюулын үед хэрэглэх нөөцийн өвс, тэжээлийн будааг татаж авахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Түүнчлэн сумын цөөнгүй малчид бусад аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байгаа бөгөөд гадны аймаг сумдын мал ч Заамар сумын нутгаар отроор нүүдэллэж байна. Отрын бүс нутгаар өвөлжиж байгаа малчдад явуулын хэсэг гарган өвөлжилт хүндэрсэн тохиолдолд шуурхай хүрч ажиллах зорилготой байгаа гэж гэдгийг тус сумын Засаг дарга Б.Самбуу тайлбарласан юм. Мөн Төв аймгийн Заамар сумын нутгаас отроор нүүдэллэн өвөлжиж байгаа малчин өрхүүдтэй байнгын харилцаа холбоотой байлгахын тулд өрхийн эмч нартай хамран эрүүл мэндийн үзлэгийг хөдөлгөөнт хүн ам болон, малчин иргэдийнхээ гэрээр зохион байгуулж эхэлсэн байна.

Үүнээс гадна малчдын гар дээр бэлэн мөнгө хомс байгаагаас тэжээлийн өвсөө худалдаж авахад хүндрэлтэй байгаа тухай албаныхан тодотголоо. Тиймээс аймгийн Удирдлагуудад танилцуулж шаардлагатай өвс тэжээлийн тооцоо судалгааг явуулахаас гадна малчдад өвс тэжээлийг зээлээр өгөх боломж бололцоог судалж эхэлсэн байна. Мөн сумын хэмжээнд малын гоц халдварт цэцэг өвчний голомт илрэн 800 хонийг устгалд оруулсан бөгөөд өнөөдрөөс малын вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻