Уран хатгамлын үзэсгэлэн нээгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы эмэгтэйчүүд гар урлалын үзэсгэлэн гаргана.
Энэ сарын 10-ны өдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан аймаг дахь салбараас уран хатгамалч 1200-аад эмэгтэйн бүтээлээр үзэсгэлэн гаргах гэж байна. Тодруулбал тус холбооноос өнгөрсөн онд аймгийнхаа 24 сумын 1226 эмэгтэйд зүү ороох болон уран хатгамалын хичээлийг үнэ төлбөргүй шат дараатай зааж сургалт явуулжээ.
Эдгээр эмэгтэйчүүд нь сургалтаас хойш бүтэн жилийн хугацаанд урласан бүтээгдэхүүнүүдээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулах аж. Гэр бүл, үр хүүхэд, нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлэх, цаашлаад өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор уран хатгамал хийж сурсан бүсгүйчүүд зүү ороох, загасан нуруу оёх зэрэг гоёлын хатгамлуудыг зөвхөн хөөрөгний даалин дээр бус дээл, цүнх, гутал, утасны гэр зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр оёжээ.
Дашрамд Завхан аймаг ирэх дөрвөн жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавьсан бөгөөд оёдолчин эмэгтэйчүүдээ дэмжиж, үйлээ урлах, туршлага судлах, бүтээлээ олон нийтэд хүргэх боломжоор нь хангажээ. Тухайлбал сум бүрийн "Иргэний танхим"-ыг амралтын өдрүүдэд үйлчин бүсгүйчүүдийг үйлээ урлахад нь зориулах ажээ.
Б.Мягмарсүрэн