Хүүхдийн тасагт 20 ор бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг орыг иж бүрэн зөөлөн эдлэлийн хамт хүлээлгэн өглөө.
Оны өмнө Төв аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгээр Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр Эрүүл мэндийн газарт ажилласан юм. Тэр үеэр Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ор хүрэлцэхгүй байгаа талаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон аймгийн Засаг даргад уламжилжээ. Уг нөхцөл байдлыг судлан үзсэний үндсэн дээр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал аймгийн нөөц хөрөнгийн сангаас дөрвөн сая төгрөг шийдвэрлэн захирамж гарган Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт шинээр 20 ширхэг орыг иж бүрэн зөөлөн эдлэлийн хамт Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хүлээлгэн өглөө.
Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасаг өмнө нь 27 ортой үйл ажиллагаагаа явуулж байсан бол шинэ ор хүлээж авснаар нийт 47 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай болсон юм. Аймгийн хэмжээнд амьсгалын замын өвчлөл буюу ханиад томуу 0-5 насны хүүхдүүдийн дунд элбэг байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасагт 61 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Орны асуудал ийнхүү шийдэгдсэнд тус тасгийн хамт олон бяцхан үрсийн өмнөөс баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн хүүхдийн дархлааг эрүүл агаар, хоол хүнсээр дэмжих нь ханиад томуу болон элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алхам гэдгийг хүүхдийн эмч нар зөвлөж байлаа.
Т.Есүхэйтөмөр