"Жаргалтай гэр бүл, хамгаалах бүс хамгаалалтын суудал" арга хэмжээг зохион байгуулагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-07 01:56:42
Yesukheitumur Tumurbaatar

Энэ сарын дөрвөнөөс эхлэн Төв аймгийн Зуунмод сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт “Жаргалтай гэр бүл хамгаалах бүс хамгаалалтын суудал” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.

Хэсэгчилсэн арга хэмжээ нь цэцэрлэг, сургуулийн ойр орчим хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход туслах зорилготойгоор хэрэгжиж байгаа тухай аймгийн Замын Цагдаагийн тасгаас мэдээллээ. Арга хэмжээний хүрээнд 20 автомашиныг зогсооход хүүхдийн зориулалтын суудалгүй, хамгаалалтын бүс зүүгээгүй гэсэн хэд хэдэн зөрчил илэрч тэдэнд сануулах арга хэмжээг авсан гэж Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Лхагвадорж хэллээ. Мөн тэрээр “Элэг бүтэн эрүүл энх байхын нэг үндэс нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох” чухал болохыг дурдсан юм.

Мөн Төв аймгийн Зуунмод сумын Дэнж багийн ойр орчмын явган хүний зам мөстөж бага насны хүүхэд явахад бэрхшээлтэй байгаа учраас албан байгууллага, иргэд ойр орчмын мөсөө цэвэрлэх шаардлагатай байгааг II багийн хэсгийн төлөөлөгч Н.Отгончулуун онцолсон юм. Түүнчлэн явган хүний зам болон машин зам ихээр мөстөж халтиргаа гулгаа үүсч байна. Энэ нь та бидний эрүүл мэнд, амь насанд занал хийлж байгаа гэдгийг Төв аймгийн Зуунмод сумын II багийн хэсгийн төлөөлөгч Н.Отгончулуун хэлж байлаа.

Иймд цаашид албан байгууллага, айл өрх, хувь хүмүүс ойр орчмын зам талбайн цас мөсийг цэвэрлэх, жолооч нар бага насны хүүхдийг зориулалтын суудалд хамгаалалтын бүс зүүлгэн суулгахаас гадна жолооч та өөрөө заавал хамгаалалтын бүсийг зүүж хэвших хэрэгтэй гэдгийг Төв аймгийн Замын Цагдаагийн газраас онцгой сануулж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻