Гурван настай Магда бар хотын гудамжаар зугаалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-07 10:42:26

ОХУ-ын Демидовын циркийн гурван настай Магда хэмээх охин барын үзүүлбэрийг Монголчуудад толилуулж эхэллээ.

Өчигдөр АСА циркийн байрнаас Улсын их дэлгүүр хүртэл Магда бар явж  нийслэлийнхний нүдийг хужирласан. Магда барын сургагч болох 26 настай  Ростислов багаасаа аав, ээжийгээ дагалдан  амьтан сургаж эхэлжээ. Түүний аав ээж нь 20 жил амьтан сургасан туршлагатай аж.

Ростислов ярихдаа,  “Магда барыг зургаан сартай байхаас нь эхлэн сургасан бөгөөд  циркийн маань хамгийн номхон амьтан юм. Магда маань ОХУ, Герман, Итали зэрэг оронд очиж үзүүлбэрээ үзүүлж байсан. Манайх  дөрвөн цагаан бар, хоёр энгийн бар, хоёр цагаан арслантай. Бар өдөрт 6-8 кг махаар хооллодог бөгөөд долоо хоногт нэг өдөр нь мацаг барьдаг. Магда барын хувьд 130 кг жинтэй. Циркийн үзүүлбэрийг 1 дүгээр сарын 6-8-ны өдөр  АСА циркт тоглоно. Бар, арслангуудын тоглолтоос гадна төмөр торон дотор  мотоциклийн үзүүлбэрийг үзүүлнэ. Манай циркийн амьтад 15 жил циркт үзүүлбэр үзүүлээд тэтгэвэрт гардаг” хэмээн ярив.

Циркийн бар, арслангууд долоон хоногт 250 кг үхрийн мах, 10 кг лууван, 250 өндөг иддэг байна.

М.Аминаа

相关新闻