Хүүхдүүд цоохор ирвэсний талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы БОАЖГ-аас Улиастай сумын ЕБДС-ын таван сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэг, гар зургийн уралдаан зарлаж, дүгнэлээ.
Тус уралдаан нь суралцагчдын цоохор ирвэсний ач холбогдол, тархалт нутаг, тоо толгой судлагдсан байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тус амьтныг хайрлан хамгаалах зорилготой нэг сарын хугацаатай зохион байгуулагджээ. Хүүхдүүд сарын хугацаанд дэлхийд ховордоод буй цоохор ирвэсний талаарх мэдээ мэдээлэл, бас энэ амьтны талаарх нутгийн хууч домог зэргийг ч цуглуулж бүтээлдээ санаа авч ашиглажээ.
Уралдаанд 58 суралцагч бүтээлээ ирүүлснээс эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байрыг III сургуулийн 10-р ангийн сурагч Т.Ням эзэлж удаах байруудыг мөн сургуулийн тавдугаар ангийн сурагч Т.Хоролсүрэн, Дэвшил сургуулийн 10-р ангийн сурагч А.Батсайхан нар эзэлжээ. Харин уран зургийн уралдаанд тэргүүн байрыг Жавхлант цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч н.Үүрийн-туяа, удаах байруудад мөн сургуулийн 10-р ангийн сурагч Б.Элбэгдорж, III сургуулийн 12-р ангийн сурагч Ж.Энхжаргал, Дэвшил сургуулийн сурагч Б.Жавзансүрэн нар эзэлжээ. Харин тусгай байранд нийт зургаан хүүхэд шалгарч байр эзэлсэн суралцагчид мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйлийн эзэд боллоо.
Сонирхуулахад Төв Азийн ирвэстэй 12 улс орон Бишкек хотод болсон олон улсын форумын хуралдаанаар цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах зорилгоор 10 дугаар сарын 23-ний өдрийг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхаглан зарлажээ. Үүнээс хойш цоохор ирвэсийг дэлхий нийтээрээ хамгаалж байна.
Б.Мягмарсүрэн