Баян-Овоо сумын малчдад үнэ төлбөргүй өвс өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчдад 50 тонн өвсийг үнэ төлбөргүйгээр өгч байна.
Тус сумын Монгойт багийн нутагт "Салхин парк"-ын төсөл хэрэгжүүлж буй "Ти Би Эф Энержи Зуун" ХХК-ийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү өвс хүргээд байгаа юм байна. Сумын малчин өрхүүд болон мал бүхий өрхүүдэд үнэ төлбөргүй 50 тонн өвс буюу хоёр мянган боодол өвсийг нийлүүлжээ.
Эхний долоон зуун боодол өвсийг малчдад тараасан харин одоо үлдсэн 1300 боодол өвсийг тарааж эхлээд байгаа аж. Сумын нийт малчин өрх бүрт таван боодол, мал бүхий өрхүүдэд дөрвөн боодол өвс өгч байна.
"Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Мөнх ноён суварга" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 20тн тэжээлийг Улаанбаатар хотоос татаж ирээд байгаа. Энэ тэжээлээ малчиддаа хотын үнээр нь нийлүүлэх бөгөөд орлого нь эргээд нөөцлөх өвс тэжээлийн эргэлтийн үнэ болох юм. Сум өөрөө 50тн өвсний нөөцтэй байгаа" гэж тус сумын Засаг дарга О.Мандахбаяр ярилаа.
Тус сумын нийт нутгаар дулаахан өвөл болж байгаа хэдий ч малчид малын амны цас орчихоосой гэсэн хүлээлттэй байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн