Налайх дүүрэгт цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНалайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан байна. Тус дүүргийн Засаг дарга голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох захирамж гаргалаа.
Тавдугаар хорооны Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж буй өрхийн хоёр хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлагын мөрөөр “Бөх-Мо” мал эмнэлгийн эмч нар ажиллаж, сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд өгөхөд хонь малын гоц халдварт цэцэг өвчин болох нь тогтоогджээ. Одоогоор нийт 1762 хонинд үзлэг тандалт хийснээс 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илрээд байгаа бөгөөд голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийж, вакцинжуулалтыг эхэлжээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын хэлтсээс найман албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 15 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс гурван эмч ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нэг, Цагдаагийн хэлтсээс хоёр алба хаагч, “Бөх-Мо” мал эмнэлгээс дөрвөн эмч, нийт 33 хүн байна.
Б.Заяа