Нохой бөөс устгахад 10 саяыг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн орон сууцны хорооллын зоорийн давхрын дийлэнх нь нохой бөөсөөр дүүрчээ.
Үүнийг устгахад орон нутгаас 10 сая төгрөг төсөвлөлөө. Ялангуяа Дэнж багийн орон сууцны зоорийн давхарт нохой бөөс дүүрэн гэнэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваа сантехник, слесарийн хувцсаар дамжин тархах явдал цөөнгүй гарч байна. Мөн зарим тохиолдолд иргэд хазуулж байгаа ажээ. Иймд аймгийн Засаг даргын мэдэлд буй “Аваарийн сан” –аас 10 сая төгрөг зарцуулж нохой бөөсийг устгахаар болов. Уг нь жил бүр эл хачигийг устгахад мөнгө зарцуулдаг ч орон сууцны хороололд нэгэн зэрэг устгал хийдэггүй тул дамжих, үржих нь хурдан байдаг ажээ. Иймд энэ долоо хоногт нохой бөөс устгах компанийг сонгон шалгаруулна.
Нохой бөөс нь цус сорж амьдардаг тул шар чичрэг, халдварт эсэргэнэ, хижиг зэрэг халдварт өвчин үүсгэдэг байна. Иймд юуны өмнө зоорийн давхарт үржиж буй муур, нохойг нэн яаралтай устгах хэрэгтэй байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ
注释