Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга өвөлжилт хүндэрч буй сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-27 22:03:22

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр өвөлжилт хүндэрч буй Хушаат, Сант, Баруунбүрэн сумдын малчдын ахуй амьдрал, нөхцөл байдалтай нь танилцлаа. ХХААГ-ын даргын явсан дээрх сумдад цасны зузаан 30-40 см байгаа бөгөөд гуу жалгатай газраа 50-60 см зузаантай, хөрлөж хатуурсан тул мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болсон аж.

Иймээс эдгээр сумдын малчдаас нэмэгдэл өвс тэжээл хэрэгцээтэй байгаагаа уламжилсан байна. Сант сумын төвийн зарим малчин айл өрхүүд өвс тэжээл муутайгаас үхрээ алс хол бэлчээрлүүлснээр  хорогдол багагүй гарсан гэнэ. Аймгийн ХХААГ-ын дарга малчидтай цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлаж байгаа бодлого шийдвэр, чиглэл, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж болох боломжуудын талаар харилцан ярилцсан байна. Тэрээр Сэлэнгэ аймаг нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болох зорилтыг тавиад байгаа. Энэхүү зорилтын хүрээнд мал аж ахуйн салбарыг  тооноос чанарт шилжүүлэх төрийн бодлогыг сум орон нутагтаа хэрэгжүүлэгчид нь малчид та бүхэн шүү гэдгийг аминчлан захисан байна. Мөн тэрээр ашиг шим өндөртэй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг уриалжээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻