Баруун бүсийн театр урлагийнхан Завханаас ажлын гараагаа эхлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-28 15:10:55

Завханы СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежид баруун бүсийн ирээдүйн урлагийнханы 60 хувь нь суралцаж төгсдөг байна.

Тус сургуульд 210 суралцагч суурь боловсролын болон мэргэжлийн, дипломын, бакалаврын сургалтыг авч байна.  Суралцагчид төгөлдөр хуур, монгол болон сонгодог бүжиг, уран зураг, дизайн, үндэсний хөгжим, дуулах урлагаар мэргэшин суралцдаг ажээ.  Энэ хичээлийн жилд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгол, Улаанбаатар хотоос мэргэжлийн сургалтанд 84, бакалавр өдөр, эчнээ ангид 41 суралцагч хичээллэж байна.

Тус сургууль дэргэдээ ёочингийн чуулга, “Товшуурын увдис” шанзны чуулга, “Хос Вансэнбэрүү”  Бүжгийн чуулга, “Гурван голын айзам” Ятгын чуулга, “Мөнгөн чавхдас” Морин хуурын чуулга, Улаан мөчир хуучирын чуулгыг ажиллуулдаг байна.

Дашрамд хуучрын “Улаан мөчир” болон ёочингийн чуулга нь жилд нэгээс хоёр удаа өөрийн аймагтаа болон хөрш бүсийн аймгууддаа бие даасан тоглолтоо хийдэг байна. Түүнчлэн төгсөх курсын оюутнууд нь жил бүр Завханы Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт дадлага хийж дагалданаар ажиллаж танхимын сургалтыг практиктай хослуулан мэргэшиж төгсдөг байна.

Тус сургуулийн төгсөгчид өнөөдөр Улсын филармони, Морин хуурын чуулга, Ардын дуу бүжгийн чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Баруун бүсийн театр чуулга, мэргэжлийн урлагийн байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, гадаад дотоодын их дээд сургууль, СУИС, Улаанбаатар хотын ХБК-д амжилттай ажиллаж суралцаж байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻