ДЗМОУБ-ын "Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр" ирэх намар зогсоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭДэлхийн зөн ОУБ-ын "Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр"-ийн санхүүжилт энэ оны 09 дүгээр сарын 30-наар дуусч байгаа ажээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Эвард, ДЗМОУБ-ын үйл ажиллагааны захирал Дорана Жавиер, ДЗМОУБ-ын Хойд бүсийн захирал В.Цэнджав нар аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нартай өнөөдөр буюу энэ сарын 31-ний өдөр уулзлаа.
ДЗМОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс өнгөрсөн 13 жилийн хугацаанд олон сайн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Үүнээс онцолбол “Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл” төслийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд аймгийн ЭМГ-т хэрэгжүүлсэн байна. Мөн Шаамар суманд хэрэгжсэн “Зөгий” төслөөс олон өрх зөгийн аж ахуйтай болж, Шаамар суманд зөгийн анхны хоршоо бий болсон зэрэг иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.
Энэхүү Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар сумдад хэрэгжиж байна. Харин санхүүжилт зогссоны улмаас эдгээр сумын үйл ажиллагаа энэ оны 09 сараар дуусч байгаа бол Зүүнхараа хөгжлийн хөтөлбөр нь 2021 он хүртэл үргэлжлэн ажиллах гэнэ. Гэвч хөгжлийн хөтөлбөрийн гүйцэтгэлээс үл хамааран санхүүжилтийн улмаас орон нутгийн хөтөлбөр маань өндөрлөж байгаад харамсаж байна” гэдгээ ДЗМОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Эвард уулзалтын үеэр хэллээ. Мөн “Дэлхийн зөн байгууллага нь хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулахаас гадна гамшгийн үеийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг явуулдаг. Бидний Сэлэнгэ аймаг дахь хөтөлбөр өндөрлөж байгаа хэдий ч орон нутагт гамшиг осол тохиолдоход бид хэзээд бэлэн байж, туслах болно. Үлдэж буй 8 сарын хугацаанд эхлүүлсэн, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийнхээ үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж орон нутагт өвлүүлэх ажлыг хийнэ” гэлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Та бүхэн нөхцөл байдлаа уламжлан өөрсдийн биеэр хүрэлцэн ирж уулзаж байгаад талархлаа. Аймгийн удирдлагын зүгээс танай байгууллагын үйл ажиллагаанд бодлого зохицуулалтын дэмжлэгээр байнга тусалж хамтарч ажиллаж ирсэн. Олон улсын төсөл хөтөлбөрүүд хугацаатай байдаг учраас дуусдаг жамтай. Гэсэн хэдий ч ахин боломж бололцоо үүсэн гарч эхлэн хэрэгжих байх гэсэн итгэлээр дахин хамтарч ажиллахын ерөөл тавья” гэсэн юм.
Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 20 дахь жилтэйгээ золгож байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг