Их жанжны ойд зориулсан “Тусгаар тогтнол” үзэсгэлэн гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРИх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 124 жилийн ойд зориулж аймгийн Угсаатны зүйн музей, жанжны өлгий нутаг Сүхбаатар сумын Орон нутаг судлах танхимтай хамтран “Тусгаар тогтнол” үзэсгэлэн гаргалаа.
Тус үзэсгэлэнд их жанжины эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл, түүх соёлын дурсгалт зүйлс, жанжны хөрөг зургууд, Өглөө киног бүтээхэд ашиглаж байсан эд зүйлс гээд 60 орчим нэр төрлийн үзмэр дэлгэгджээ. Онцолбол, Их жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан, дотор нь нууц бичиг, захиагаа авч явдаг ташуур, Хужирбулангийн цэргүүдийн хэрэглэж байсан сэлэм, жанжны аав Дамдины хэрэглэж байсан модон тагш, Д.Сүхбаатарын гантиг чулуун цээж баримал гээд ховор үзмэрүүд багтжээ. Жанжны цээж баримлыг гантиг чулуугаар бүтээсэн нь маш ховор байдаг юм байна.
“Аймгийн Угсаатны зүйн музей нь арван танхимтай, нийт 3000 орчим үзмэртэй. Гэвч их жанжнаараа овоглосон аймгийн музейд жанжны нэрэмжит танхим байдаггүй. Тиймээс цаашид жанжны нэрэмжит танхим байгуулах, жанжны ах дүү, ураг төрлийн хүмүүсээс түүнтэй холбоотой эдлэл хэрэглэлийг цуглуулах шаардлагатай байгаа юм. Энэ талаар ч манай төлөвлөгөөнд тусгагдсан. Аймаг орон нутгийн зүгээс ч ер нь жанжныхаа нэрэмжит танхимыг байгуулах нь зүйтэй гэж үзэж, бидний ажлыг маш сайхан дэмжиж байгаа. Удахгүй сайхан танхимтай болно гэдэгт итгэлтэй байна...” хэмээн аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д. Ариунжаргал хэллээ.
Тугаар тогтнол үзэсгэлэнг үзэж сонирхохоор орон нутгийн удирдлагууд, ЕБС-ийн сурагчид, энгийн иргэд, жанжны ураг төрлийн хүмүүс гээд маш олон хүн ирсэн байлаа. Д.Сүхбаатарын хүү С.Галсаны дөрөв дэх үеийн хүн болох Д.Батчулуун энэхүү үзэсгэлэнгийн үеэр өндөр өвөө С.Галсангийнхаа хэрэглэж байсан хөөрөгний даалинг аймгийнхаа музейд дурсгахаар боллоо.
Т. Одончимэг