Цагдаагийн газар сэтгэлзүйн алжаал тайлах өрөөтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын онцлог, нөхцөл байдалтай холбогдуулан тэдний ажлын стрессийг бууруулах, сэтгэл зүйн алжаал тайлах өрөөтэй болжээ.
"Хэдийгээр цагдаагийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч зарим үед маш хүнд орчин нөхцөлд ажилладаг. Тухайлбал Өмнөговь аймгийн хувьд нүүрс тээвэрлэлтийн зам дагуу том оврын ачааны машинууд хоорондоо мөргөлдсөн тохиолдолд хүнээс бараг юм үлдээгүй хэмжээнд хүрчихсэн газар дээр очиж ажилладаг. Хүн гэдэг утгаараа ийм орчинд ажиллахаараа сэтгэл зүйн ачааллыг өөр дээрээ авч байдаг. Үүнийгээ тайлаагүйгээс иргэдтэй харилцах харилцаан дээрээ алдаа гаргах тохиолдол ч бий. Тиймээс бид албан хаагчдын сэтгэл зүйн дарамтаас чөлөөлөх өрөөг бий болгон ажиллаж байна" гэж аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Төмөрмөнх ярилаа.
Цаашдаа энэхүү өрөөгөөр зөвхөн цагдаагийн албан хаагчдаас гадна гэмт хэрэг зөрчил үйлдээд байгаа, хохироод байгаа зэрэг хүмүүст тусалж сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх юм байна. Хүний сэтгэл зүйд засал хийхийн тулд тус өрөөнд шөнийн орчинг бүрдүүлсэн байна. Таазыг нь од гэрэлтсэн цэлмэг тэнгэрээр төсөөлж, харин хажууд нь усны хүрхрээ шуугин байгаа орчинг бүрдүүлжээ.
Д.Мишигсүрэн