Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахгүй бол агаарын бохирдол аюулын түвшинд хүрэхэд ойрхон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2017-02-06 12:31:37

Гүн цэнхэр Хөвсгөл нуураараа овоглосон хоймор нутгийн үзэсгэлэн төгс байгаль, Дархадын цэнхэр хотгор, Хорьдол, Сарьдагийн их уулс, цэнгэг тунгалагаараа дэлхийд алдартай Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт өнгө төрхийг үзэх, харах гэсэн бодол тээсэн гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдсээр байна.  Гэвч хаан их сарьдаг хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэн жил бүр зохион байгуулдаг мөсний баярыг үзэхээр ирдэг олон зочдыг утаан дундаа бүрэлзэх Мөрөн хот угтдаг болох нь.

“Утаатай Улаанбаатар” гэдэг үгийг бид байнгын сонссоор ялангуяа өвлийн улиралд дарга, цэрэггүй олон жил ярьсаар дорвитой шийдэлд хүрч чадалгүй өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчээ. Утааны асуудал Улаанбаатар хот төдийгүй орон нутагт тулгамдсан асуудлын нэг болж Монгол Улсын хэмжээнд утаатай тэмцэх цаг иржээ. Утаа уушгинаас эхлээд  урагт хүртэл нөлөөлж байгааг олон эрдэмтэд, эмч нар нотолж байна. Монгол хүн бүр эрүүл аж төрөх эрхтэй гэж үндсэн хуулиндаа тунхагласан атлаа өнөөдөр монголчууд эрүүл мэндээ хордуулсаар, эд эсээ утаанд идүүлсээр өвчин зовлонд автан зарим нэг нь хорвоог орхиж байна. Гуравхан сая иргэдтэй Монголчууд бидэнд утаатай улсын хэмжээнд тэмцэх цаг иржээ. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өвлийн улиралд 40 орчим мянган иргэд амьдардаг бөгөөд сүүлийн үед гэр хорооллын иргэдийн түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдсэний улмаас агаарын бохирдол нэмэгдсээр аюулын түвшинд хүрэхэд ойрхон байна. Тус  аймгийн Засаг даргын 2013 оны А-79 тоот захирамжаар “Агаарын бохирдлыг бууруулах салбар хороо” байгуулагдаж иргэдэд бохирдлын тухай мэдээ, мэдээллийг өгч байгаа боловч бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.

Мөрөн сумын хэмжээнд азотын давхар ислийн агууламж энэ оны 1-р сарын байдлаар стандартын хэмжээнээс 4 мкг/м3-ээр давсан үзүүлэлттэй, том ширхэглэгт тоосонцор /РМ 10/-ын дундаж агууламж стандартын хэмжээнээс 5.8 дахин их давсан үзүүлэлттэй тус тус гарсан байна. Өвлийн саруудад цасан бүрхүүл тогтсон, харьцангуй дулаарсан, хотын доторх хатуу хучилттай авто замын сүлжээ нэмэгдсэн, усан халаалтын зуухны тоо цөөрсөн зэрэг нь 2013 оноос хойш агаарын бохирдол шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд багасах нөхцлийг бүрдүүлсэн боловч энэ оны өвлийн улиралд том ширхэглэгт тоосонцор /РМ-10/-ын дундаж агууламж стандартын хэмжээнээс 5-6 дахин их байгаа нь нам даралтын болон ердийн зууханд түүхий нүүрс хэрэглэж байгаагаас шалтгаалж байгаа гэсэн дүгнэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.

Хэдийгээр Дулааны станц ашиглалтанд орсон боловч Мөрөн сумын 8-р багт байрлах зарим аж ахуйн нэгж нам даралтын зуухаар ажиллаж байгаа тул ирэх оноос дулаанд холбогдох шаардлагыг холбогдох байгууллагуудаас  тавьсан байна. Хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээг багасгахгүй бол Хөвсгөлчүүд утаандаа хордож агаарын бохирдол аюулын түвшинд хүрэхэд ойрхон байгаа ажээ.

Б.Гантуяа 

相关新闻