Хонины мах кг нь 4200 төгрөгийн ханштай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСар шинийн баяр айсуй энэ үед хонины махны борлуулалт урьдынхаас бага зэрэг өсч байгааг Мандалговь хотын хүнсний захын гадна мах худалдаалж буй иргэд хэлж байна. Үнэ ханш нь ч урьд сарынхаас өсч, нэг кг нь 4200 төгрөг болжээ.
Гэхдээ сар шинийн баярын ширээний ууц гэж тусгайлан үнэ тогтоогоогүй. Авах гулуузаа жинлүүлээд кг тутмынх нь үнээр тооцож байна. Энэ нь иргэдэд хямд төсөр тусч байгаа ажээ.
Ямааны махны хувьд урьд сарынхаас үнэ өсөөгүй, кг тутамдаа 3500 төгрөгийн ханштай байна. Өчигдрөөс эхлэн малчид айраг зарж эхэлсэн бөгөөд нэг литр нь 3000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Энэ сарын 17- ноос эхлэн 3 хоногийн хугацаанд “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа Мандалговьд болно. Төр, төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулах энэ үзэсгэлэн худалдаа нь хэрэглэгч, үйлдвэрлэгчдийг холбож, мах, сүү цагаан идээ, сар шинийн баярт зориулсан бэлэг, өөр бусад бүтээгдэхүүнийг нэг дор худалдан борлуулах нөхцлийг бүрдүүлэх юм.
Т. Отгонтуяа