Сурагч насныхаа шүлгийг “Ган үзэгний сэвшээ”- нд үлдээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЕБС- ын төгсөх ангийн сурагч хүү сурагч насандаа бичиж туурвисан шүлгээ ном болгон хэвлүүлжээ. “Надад хольж болохгүй цус гэж бий. Надад сольж болохгүй хэл гэж бий...” хэмээн сурагч хүү монгол эх орондоо монгол хүн болж мэндэлснээрээ бахархаж шүлэглэсэн байна. Энэ мэт эх орон, эр цэрэг, уудам тал нутаг, ижий аавын тухай 80 гаруй шүлэг, уралдаанд оролцож байсан 10 гаруй эссе бичлэгээ номондоо багтааж, “Ган үзэгний сэвшээ” хэмээн нэрлэжээ. Ийнхүү өөрийн бүтээлийг ном болгосноороо Г. Лхамсүрэн хүү үеийнхнээсээ анхдагч болжээ.
Г. Лхамсүрэн хүү Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. “Удахгүй сургуулиа төгсөөд оюутан болно. Шүлэг бичнэ гэдэг дотоод сэтгэл төдийгүй тухайн хүний үзэл санааны илэрхийлэл гэж боддог. Тиймээс сурагч насандаа ямар хүсэл тэмүүлэл, үзэл санааг дотоод оюун санаандаа тээж явснаа ингэж үлдээе гэж бодсон юм. Тэгээд “Ган үзэгний сэвшээ” гэж энэ номоо нэрлэсэн” гэж Г. Лхамсүрэн сонирхуулсан юм. Түүнийг өвөө Ганболд нь дэмжиж, номыг нь хэвлүүлж өгсөн байна.
"Хүмүүнлэг" сургуулийн багш, яруу найрагч Ж. Мөнхцэцэг шүлэг, яруу найрагт дур сонирхолтой хүүхдийн авъяасыг нээн хөгжүүлэхээр "Номон далай" клуб хичээллүүлдэг. Дундговь аймгаас үе үедээ олон алдарт зохиолч, яруу найрагчид төрсөн. Тэдний хойч үеийг бэлдэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьдог байна. Клубийн гишүүдийн нэг Г. Лхамсүрэн бөгөөд түүний номыг мялааж “Номон далай” клуб нь “Ган үзэгний сэвшээ” нэртэй шүлгийн уралдааныг аймгийн Номын сан, Утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулсан байна.
Т. Отгонтуяа