Сүхбаатар аймагт насны хишиг авах 2000 гаруй ахмад бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРАхмад настаны нийгмийн хамгааллын хууль шинэчлэгдэж 65-аас дээш насны ахмадуудад төрөөс насны хишиг олгохоор болсон. Сүхбаатар аймгийн хэмжээнд 5700 гаруй ахмад байдаг. Үүнээс 65-аас дээш насны эрэгтэй 878, эмэгтэй 1468 гээд 2000 гаруй ахмад бий гэсэн тоо гарчээ.
Одоогоор бүртгэлийн ажил үргэлжилж байна. 02 дугаар сарын 07-ны байдлаар аймгийн хэмжээнд 1555 ахмад буюу нийт ахмад настаны 50 орчим хувь нь бүртгүүлээд байгаа юм байна. Баруун-Урт, Мөнххаан, Баяндэлгэр сумдад бүртгэл хамгийн өндөр хувьтай үргэлжилж байна.
"Насны хишгийн бүртгэл хэвийн үргэлжилж байгаа. Харин яг хэзээ олгогдож эхлэх нь одоохондоо тодорхойгүй байна. Энэ маань хэдий шинээр хэрэгжиж байгаа хууль ч гэлээ бэрхшээл гэх зүйл гарахгүй байна. Харин хараахан 65 нас хүрээгүй ахмад настанууд буюу өөрөөр хэлбэл 64 нас хүрсэн иргэд энэ удаа хамт бүртгэлээ хийлгээд явах боломжтой. Бүртгүүлсэн регистрийн дугаар дээр үндэслэн 65 нас хүрэх үед насны хишгийг нь олгох юм. Ер нь ахмадууд энэхүү насны хишиг олгох болсонд маш их баярлан, таатай хүлээж авч байна.." хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга Д. Гэрэлбадрах хэллээ.
Ахмад настанууд жилд хоёр удаа буюу сар шинийн баяр болоод, үндэсний их баяр наадмаар насны хишиг хүртээнэ.
Т. Одончимэг