Ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг татвараас чөлөөлж, улсын бүртгэлээс хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-08 13:50:04

Зам тээврийн хөгжлийн яамнаас сүүлийн 4 жилд техникийн үзлэгт ороогүй 95770 тээврийн хэрэгсэл байгааг судалгаагаар гаргасан хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.

Тус яамнаас тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санг үүсгэжээ. Мөн шинэчилсэн бүртгэлийг техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн Монгол Улсад түр горимоор унаж орж ирээд гараагүй байгаа тээврийн хэрэгслийн талаар дэлгэрэнгүй судалгааг хийж эхэлсэн байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд,“Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ЗТХЯ, Сангийн яам, ГЕГ, Авто тээврийн үндэсний төвийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан дугаарын давхардал, автомашины дугаарын стандартыг хангах, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар  ажиллаж эхэллээ. Шинэчилсэн бүртгэлийг явуулах гол  шалтгаан нь ашиглалтаас гарсан автомашиныг хасахгүй явж буйтай холбоотой юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын бүртгэлд 841552 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний  525 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн үзлэгт орж татвараа төлсөн. Харин 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь татвар төлөөгүй. Бид сүүлийн дөрвөн жилийн судалгаа гаргалаа. Энэ судалгаагаар нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь л татвараа төлж буй бөгөөд 25 хувь нь тодорхойгүй шалтгаантай байна” гэв.

Улсын хэмжээнд 2011-2016 онд техникийн үзлэгт ороогүй 95770 тээврийн хэрэгслийн  жагсаалтыг Автотээврийн үндэсний төвийн вэбсайт болон www.transdep.mn сайтад гаргажээ. Энэ талаарх мэдээллийг иргэд регистрийн дугаараар, аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн регистрийн дугаараа оруулан мэдээлэл авах боломжтой.

 “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан эвдэрсэн болон ашиглалтаас бүр мөсөн гарсан автомашиныг 30 хоногийн дотор бүртгэлээс хасуулах ёстой. Гэтэл  иргэд үүнд хойрго хандсанаар олон жилийн татварын өр үүсэх тохиолдол их байна. Шинэчилсэн бүртгэлийн хүрээнд хасах тээврийн хэрэгслийн жагсаалтад орсон жолооч нараас татвар авахгүйгээр хасалт хийхээр болсон. Ихэнх нь улсын дугаар, гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн иргэд байв. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд  жолооч нар журмын дагуу 75 мянган төгрөг төлж авдаг. Харин үүнийг хөнгөлж Улсын тэмдэгтийн хураамжийн заалтын дагуу хамгийн доод хэмжээгээр гэрчилгээний хураамжид 8000 төгрөг, улсын дугаар авахад 16 мянган төгрөг буюу нийт  24 мянган төгрөг төлөх боломжтой болсон.Бодит байдал дээр гэрчилгээний тэмдэгтийн хураамж 8000-16000 улсын дугаар нь 20-40 мянган төгрөгийн өртөгтэй. Ер нь жолооч нар татвараа төлөхөд нэлээн хойрго ханддаг. Нэгдүгээр сард 1, 6- аар төгссөн тээврийн хэрэгсэл татвар төлөх ёстой. Гэтэл 33 хувь нь л албан татварт хамарсан” хэмээн ТЕГ-ын Татварын орлогын газрын татварын улсын байцаагч Г.Энхжин ярив.

Мөн Монгол улсын хилээр 2011-2016 онд нийт 8000 тээврийн хэрэгсэл гараад буцаж орж ирээгүйг ГЕГ-ын Гаалийн хяналт шалгалтын газрын улсын байцаагч Н.Алтантуяа хэллээ. Аж ахуйн нэгжүүд ачааны автомашиныг БНХАУ-д, иргэд суудлын автомашиныг ОХУ- руу гаргаж борлуулчихаад улсын бүртгэлээс хасуулаагүй тохиолдол их гардаг. Тиймээс  иргэд Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанд хандан олон жил хуримтлагдсан татвараа төлөхгүйгээр зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж болох 7000 төгрөг төлөөд хасалт хийлгэх боломжтой юм.

Нийт тээврийн хэрэгслийн 58 хувь нь Улаанбаатарт, 42 хувь нь орон нутагт харъяалалтай юм байна. Харин тээврийн хэрэгслийн 52 хувь нь зүүн талдаа, 48 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй гэдгийг албаныхан тодотголоо. Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн насжилтын хувьд 6-аас дээш насны автомашин зонхилж байна.

 

 Б.Заяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻