Бизнес эрхлэгчдийн 40 хувь нь үйл ажиллагаагаа эрчимжүүлэх итгэлгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМҮХАҮТ-аас “Бизнес итгэлийн индекс-2016” судалгаагаар бизнес эрхлэгчдийн 40 гаруй хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ямар ч итгэлгүй байна гэсэн дүн гарчээ.
Уг судалгааг бизнес эрхлэгчдийн хүлээлт, бизнесийн орчны ерөнхий төлөв, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилгоор МҮХАҮТ-аас 2005 оноос хойш тогтмол явуулж иржээ.
Энэ удаагийн судалгаагаар Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс ярилцлага авах ба онлайн хэлбэрээр явуулж, нийт 862 хүнийг хамруулсан байна.
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа ярихдаа, “Манай судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн 40 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ямар ч итгэлгүй, сөрөг хүлээлттэй байна. Мөн 74.1 хувь нь ирэх жил бизнесээ өргөжүүлэхгүй гэж хариулжээ. Харин Монголын бизнес, санхүүгийн орчны өөрчлөлтийн тухай оролцогчдын 80 хувь нь муу үнэлгээ өгч, зөвхөн 20 хувь нь сайн хэмээн үнэлсэн байна. Бизнесийн орчинд хамгийн их саад болж буй нийт есөн хүчин зүйлийг нэрлэснээс, долоо нь төрөөс хамааралтай байна. Татвар хураамж, хууль хэрэгждэггүй байдал, мөнгөний буруу бодлого, булхайтай тендер шалгаруулалт, авилга хээл, хахууль, төрийн нүсэр аппарат зэргээс болж олон хүндрэл гардаг тухай оролцогчид онцолсон. Өнгөрөгч онд бид хууль эрх зүйн орчны үзүүлэх нөлөөллийн талаар 400 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа авсан. Тэр судалгаагаар Хөдөлмөрийн тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль, Худалдан авалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Татварын дөрвөн багц хуулиуд бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлдгийг бизнесийнхэн тодотгосон. Эдийн засаг хямарч, бизнес эрхлэгчдийн хүлээлт буурч, үйл ажиллагаагаа хумисан энэ үед төрөөс хатуу хяналт тавихаа зогсоож, бизнес эрхлэгчдэд боломж олгох хэрэгтэй байна” гэв.
Бизнес санхүүгийн орчин сайжрах тухай хүлээлт 2010 оноос хойш буурч байгаа бөгөөд сонгуулийн жилүүдэд бизнес эрхлэгчдийн хүлээлт нэмэгддэг гэдгийг судалгаанд дурджээ.
М.Аминаа