Малчид, тариаланчдын түүхий эдийг газар дээрээс нь биржийн үнээр худалдан авдаг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол тээвэр нэгдэл” ХХК -тай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгуулав.
Санамж бичийн хүрээнд “Монгол тээвэр нэгдэл” ХХК нь “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-аар арилжаалсан бараа түүхий эдийг итгэмжлэгдсэн агуулахад хүргэх, хадгалахаас гадна дотоодын болон экспортын ачаа тээвэрлэлтийг иж бүрэн даатгалтай стандартад нийцсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэх юм байна.
Ингэснээр 300 гаруй сумын малчин, тариаланч, хөдөө аж ахуйн хоршоо компаниуд газар дээрээс нь бараа түүхий эдээ тус бирж дээр төвлөрүүлж зах зээлийн ханшаар арилжих нөхцөл бүрдэнэ.
Уг ажил ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх бөгөөд эхний тээвэрлэх түүхий эд нь ноос ноолуур байх юм. "Монгол тээвэр нэгдэл" ХХК-д одоогоор 20 гаруй компани харъяалагддаг байна.
Ийнхүү тээвэрлэлтийн нэгдсэн үнэ тариф бий болсноор худалдаалагч болон худалдан авагч аль алинд нь ашигтай. Мөн хувиараа тээвэрлэлт хийдэг хүмүүстэй гэрээ байгуулж хамтран ажиллана. Цаашлаад зөвхөн Монгол Улсын хэмжээнд бус гадны улсууд руу тээвэрлэлт хийхийг зорьж байна хэмээн "Монгол тээвэр нэгдэл" ХХК ТУЗ-ийн дарга С.Ганболд ярив.
Л.Нандинцэцэг