П.Бүрэнтөгс арслан түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТИх Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлж, Э.Оюунболд арслан үзүүрлэсэн бол их шөвөгт арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа.
Их Монгол аваргын түүхт ойн барилдаанд 4 арслангаар магнайлуулсан гарьд нэг, заан хоёр, харцага долоо, начин 31, аймаг, цэргийн цолтон 179 нийт 224 бөх зодоглон барилдав. Харин 30 гаруй аймгийн начин цолтон энэ барилдаанд багталгүй хасагдсан байна.
Нэгийн даваанд цөөнгүй улсын цолтон өвдөг шороодсон бөгөөд тэднийг Э.Лхамхүү, И.Мандах, Н.Загархорол, Э.Сумъяабат, Га.Бат-Эрдэнэ, Э.Батхуяг, Г.Баасанжав нарын аймгийн шинэхэн начингууд шил даран хаялаа. Отгон аварга Ч.Санжаадамба, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар үзэгчийн суудлаас барилдаанаа сонирхов.
Дашрамд сонирхуулахад,Түшээт Хан аймгийн Далай гүний хошууны Их монгол, Бага монгол уулсын ойролцоо Их наран хэмээх газар 1876 оны Барс жил Хас зааны хоёр дахь хүү болон Шаравжамц мэндэлжээ. Түүний өвөө нь Саманд хэмээх бөх хүн байсан гэхээр үе дамжсан бөхийн удамтай хүн байсан юм. Тэрбээр 16 насандаа Дулаан уулын Ёл хайрханы тахилгын наадамд анх удаа барилдаж бөх болох гараагаа эхлүүлжээ. Улмаар 18 насандаа Далай гүний хошууны наадамдаа түрүүлж Далай гүн Алтанхуяг эмээл хазаартай морио өгч “Даншиг наадамд хүчээ сорьж сайн бөх болоорой” гэсэн гэдэг. Түүнийг 2 метр 37 см өндөр нуруутай хүн байсан гэж ярьдаг.
Тэрбээр 20 настайдаа 1896 онд хошууны бөхчүүдийнхээ арын ажлыг дааж Даншиг наадамд очиж барилдахдаа 2 давсан байна. Харин дараа жил нь 21 настайдаа Намхай аваргатай бэлтгэл хийж 4 давсан бол 1898 онд 22 насандаа 5 давж начин, 1999 онд 23 насандаа харцага цол, 24 насандаа 1900 онд 7 давж заан цол хүртсэн байна. 1901 онд 25 настайдаа Даншигт 7 даваад Богдын Лүндэнгээр Сэцэн хан аймгийн Буянтогтох аваргад унаж байжээ. 1902 онд мөн л Богдын Лүндэнгээр долоо даваад унажээ.1903 онд 26 насандаа дахин Богдын бөхийг давахад наадмыг нэг хоног хойшлуулж маргааш нь Богдын Лүндэнгээр унахад “Их Монгол” хэмээн наадамчин олон уухайлж байсан гэдэг. Ийнхүү даншгийн гурван түрүүгээ алдсан байдаг. Харин1904 онд Даншигт барилдаагүй.
1905 онд Түшээт Хан Чин ван Ханддорж, Шаравжамц зааныг дуудан бөхийн галд бэлтгэлд гаргаад, Даншигт очихдоо Богд хаанд бараалхаж Шаравжамцад 50 лангийн мөнгөн ембүү, хадагтай бариулаад “За би Галсанравжаа /Шаравжамцын сахилын нэр нь/-г таньд шавь оруулж байна гэхэд Богд хаан зөвшөөрч шавиа болгожээ. Ийнхүү Даншиг наадамд албадан буулгахгүй барилдах болсноор энэ даншигт 9 даван түрүүлж арслан цол хүртжээ. 1908 онд 32 насандаа 10 даван түрүүлж аварга цол хүртсэн бол 1911 онд Даншиг наадамд 36 насандаа 10 давж түрүүлэн Даян аварга цол хүртэж байжээ. Хожим нь Маршал Чойбалсангийн зарлигаар улс хувьсгалын 25 жилийн ойгоор хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Тэр наадамд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, өөрийн шавь улсын арслан Молиго Бат-Очироор гурав давж, дөрвийн даваанд Мижидсvрэн арсланд тахимаа өгч байжээ. Тэрнээс хойш 2-3 жил Маршал дэргэдээ аваачин хүндэтгэл үзүүлэн, дэвээ шавааг нь үзэж, түрүү бөхийн бай шагнал өгдөг байсан гэдэг
Д.Өлзий