Хөвсгөл аймгаас “Улсын сайн малчин” 7 тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-14 10:00:57

Хөвсгөл аймгийн малчид мал сүргээ 5 төрөл дээр өсгөн үржүүлж оны эцсийн мал тооллогоор 5 сая гаруй мал тоолуулж улсын хэмжээнд мал сүргийн тоо толгойгоор  хоёрт билээ. Сар шинийн босгон дээр Хөвсгөл аймгаас  “Улсын сайн малчин” 7, “Улсын аварга саальчин” 1 шалгарчээ.

“Монгол улсын сайн малчин”-аар  Алаг-Эрдэнэ сумын малчин Бүүвэйн Баттогтох , Ренчинлхүмбэ сумын малчин Чадраагийн Зинамидаг, Төмөрбулаг сумын малчин Банзрагчийн Дашдондог,  Шинэ-Идэр сумын малчин Лааганы Мишиг,  Бүрэнтогтох сумын малчин Чойжилсүрэнгийн Ванчинбазар, Галт сумын малчин Гомбо-Очирын Шаравжамц, Жаргалант сумын малчин Жанжаагийн Гомбосүрэн, “Монгол улсын аварга саальчин” цол тэмдгээр Баянзүрх сумын малчин Өвгөлжийн Эрдэнэчимэг тодорчээ. Аваргуудын шагналуудыг УИХ-ын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд малчны хотонд гардуулан өгөх ажээ.

Тус аймагт мянгат малчин 624, хоёр мянгат малчин 15 байгаа бөгөөд өнгөрсөн жил бүх малаа 23 сум, 5 төрөл дээр нь 17 сум өсгөж мал аж ахуйн салбарын өсөлт нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж тус салбарын орлогын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл болж байгаа ажээ.

Б.Гантуяа

   

相关新闻