Дандилдах урлагийн өвийг уламжлагч ганц иргэн бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн музей соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэдээ бүртгэсэн. Өвийн 5 ай савд одоогоор 219 иргэнийг бүртгээд байгаа бөгөөд үүн дотор аман ташилт, дандилдах урлагийг уламжлан тээж яваа ганц хүн бүртгэгджээ. Энэ хүн бол Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгч СТА Ц. Хадхүү. Түүнээс дандилдах урлагийг хэрхэн уламжилж, хөгжүүлж явааг нь сонирхсон юм.
Монгол хэлний их тайлбар тольд дандилдах гэдэг нь хэлний үзүүрээр түүш, хатуу тагнайг ээлжлэн товшиж хөөмийн аргаар амьсгаа шахан эгшиг үүсгэдэг, монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагийн нэг зүйл барил хэмээн тайлбарласан байна.
СТА Ц. Хадхүүгийн хувьд ааваасаа энэ урлагийг сурч өвлөн үлдсэн гэнэ. Багаасаа хэлний үзүүрээр тагнай, шүдний дотор талыг товшин ая эгшиг үүсгэж чаддаг байсан боловч үүнийгээ дандилдах хэмээдэг гэдгийг мэддэггүй байсан гэлээ.
“3 жилийн өмнө Өмнөговь аймагт туульч Х. Цэрэнчимэдийн нэрэмжит ерөөлч, магтаалч, аялгуулан хэлэгчдийн улсын уралдаан болоход магтаал хэлж оролцсон юм. Магтаалынхаа дундуур багаас сурсан ая эгшигээ гаргаж, магтаалаа нэг ёсондоо чимж өгсөн л дөө. Тэгтэл уралдаан шүүж байсан СУИС- ын багш, хөөмийч, МУГЗ Б.Одсүрэн үүнийг анзаарч, энэ бол дандилдах урлаг. Та үүнийгээ хөгжүүлж, ардын урлагийн наадамд оролцвол тун сонирхолтой төрөл байна гэж хэлсэн юм. Түүнээс хойш ааваасаа сурсан эрдэм маань дандилдах гэдэг урлаг юм байна гэж мэдэж ойлгож авсан” хэмээн сонирхуулав.
Тэрээр хэд хэдэн залууд заасан байна. Гэхдээ тууштай сурсан нь хараахан үгүй. Сурахад тийм ч амар биш учраас одоогоор шавь төрүүлж чадаагүй яваа гэсэн юм. Нэгэнт урлагийн ийм өв соёлыг уламжлан тээж яваа болохоор цаашид өвлөн үлдээхийг хүсч явдагаа тэрээр илэрхийлсэн.
Т. Отгонтуяа