Аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанд АН-ын бүлэг оролцсонгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-16 17:28:47

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан өнөөдөр болж,  засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болоод аймгийн 2017 оны төсвийг баталлаа.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүх хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Бид хурлаа хуулийн дагуу зарлан, хурлын төлөөлөгчид болон намын бүлгүүдэд холбогдох албан тоотыг хүргүүлсэн. Харамсалтай нь АН-ынхан ирсэнгүй. Энэ удаагийн хуралдаан бол маш чухал хурал. Учир нь аймаг орон нутгийн төсөв төлөвлөгөөг баталж, мөн засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийг батлах гэж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хурлаа хуралдуулахгүй байх, хойшлуулах эрх байхгүй. 2017 оны төсвөө баталж малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтэнд зайлшгүй шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, өвчний хорио цээрийн голомтонд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, урамшуулал, мөн төрийн байгууллагуудын ажилчдын цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжийг тавих, сар шинийн баярыг тохиолдуулан төрийн шагнал урамшуулал олгох гээд хойшлуулалшгүй олон асуудал байна. Хэдий сөрөг хүчин эсэргүүцэж байгаа ч хурлаа хийхээс өөр ямар ч арга байхгүй. Иргэд улс төрийн үйл ажиллагаанаас болж хохирч болохгүй...” гэсэн юм.

Сүхбаатар аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Үүнээс 32 төлөөлөгчийн бүрэн эрхийг албан ёсоор батламжилсан, нэг төлөөлөгчийн асуудал шүүхийн шатанд явж байгаа. Хуралдаанд МАН-ын 16 төлөөлөгч болон аймгийн төвийн бүх алба, агентлэгийн дарга нар оролцсон юм. Харин АН-ын 16 төлөөлөгч хуралд оролцох боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн юм.

Хэдийгээр Сүхбаатар аймгийн ИТХ маргаантай байгаа ч МАН-ын анхдугаар хуралдааныг Монгол Улсын дээд шүүх хүчин төгөлдөр гэдгийг баталсан учир, удаах хуралдаанаа явуулахад болохгүй зүйл байхгүй. ИТХ-ын 33 дахь төлөөлөгчтэй холбоотой шүүхийн шийдвэр аль ч намын талд гарсан өөрчлөгдөх зүйл байхгүй. Тиймээс АН-ын төлөөлөгчид ганц намынхаа эрх ашгийг бодох бус нийт иргэдийнхээ эрх ашгийн төлөө өнөөдрийн энэ хуралдаанд оролцох ёстой байсан гэдгийг төлөөлөгчид хэлж байлаа.

Т. Одончимэг

相关新闻