“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” уулзалтаар 65 худалдан авах ажиллагааг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран хоёрдугаар сарын 20 буюу ирэх даваа гарагт “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах талаар хотын удирдлагууд мэдээлэл хийлээ.
“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэх юм байна.
Бизнес уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцох аж. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ярихдаа, “Нийслэлийн энэ оны хамгийн гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт дэд бүтцийн ажилд чиглэнэ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбарт дийлэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтын үйл ажиллагааг зарлаж байгаа. Дээрх салбаруудын талаар бизнесийнхэнд танилцуулна. Тодруулбал нийт 65 худалдан авалтын 174 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд зарлах юм. Мөн энэ удаагийн уулзалтын гол онцлог нь ААН-үүдийг алдаа гаргалгүй ажиллахад зөвлөн туслах, үнэн бодит зөв мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулж байна. Нийслэлд бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар бодлого барих ёстой вэ гэдэгт төвлөрнө” хэмээн ярив.
Тус уулзалтаар гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж танилцуулах аж.
Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой гэдгийг албаныхан хэллээ.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг TV5, UBS, BLOOMBERG телевиз болон IKON.mn, GOGO.mn, Монголын үндэсний олон нийтийн телевизүүд шууд дамжуулна.
Р.Хишигжаргал