Сум дотроо отор нүүдэл хийхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-19 19:14:56

Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж зарим сумдыг сум дотроо отор нүүдэл хийхийг зөвлөсөн байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард Өмнөговь аймагт хонины цэцэг өвчин гарсны улмаас энэ оны тавдугаар сар хүртэл морь, тэмээний уралдаан болон малын шилжилт хөдөлгөөнийг хорьсон аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан юм. Тиймээс зарим сумдад хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа учраас отор нүүдэл хийх хүсэлт ирүүлснийг ийнхүү зөвлөжээ.

Мөн тус хуралдаанаас сар шинийн баярыг тохиолдуулан сумдад уламжлал болгон зохион байгуулдаг тэмээний баяр, түүнтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Тус аймгийн Булган суманд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болгон өргөн дэлгэр зохион байгуулдаг тэмээний баярыг энэ жил зөвхөн нутгийн 2 айлд зураг авалт хийж, бусад сумдаас малчид, тэмээчдийг оролцуулахгүйгээр хаалттай зохион байгуулахаар онцгой комиссын шийдвэр гарсан байна. Энэ үеэр Онцгой комиссын пост гарч ажиллах ажээ.
Хонины цэцэг өвчнийг дахин гарахаас урьдчилан сэргийлж, аймгийн Засаг даргын албан даалгаварыг мөрдөж ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо.

Д.Мишигсүрэн

相关新闻